Order Allow,Deny Deny from all ӨӨРТӨӨ ЭРХ ЧӨЛӨӨ ОЛГОХ НЬ ТОМ ТАНСАГЛАЛ - Stylee

ӨӨРТӨӨ ЭРХ ЧӨЛӨӨ ОЛГОХ НЬ ТОМ ТАНСАГЛАЛ

Ковер
19
11сар
21

Бизнес эрхлэгчдийн туршлага, эргэлтийн цэг, нөү хауг тольддог БИЗНЕС ӨРӨГ нэвтрүүлгээрээ танил болсон Urug.mn сайтын хамтран үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал, сэтгүүлч Б.Болорчимэгийг Stylee.mn онцолж байна.

Түүнийг сэтгүүлчээс илүү бизнес эрхлэгч гэж олон хүн боддог байх. Бизнесийнхэнтэй бизнесийнх нь “хэлээр” нэг түвшинд ярилцаж чаддаг нь тийм сэтгэгдэл төрүүлдэг. Гэхдээ тэр бизнесээс илүү сэтгүүлч мэргэжилдээ дэндүү дуртай нэгэн. Ярилцаад суухад өөрийгөө таньчихсан, хааш нь залахаа мэддэг, эрч хүч мэдрэгдсэн бүсгүй байв.

Үзэгчдэд бизнес эрхлэгчид улс орны хөгжлийг түүчээлэгчид гэдгийг таниулсан хүн бол Б.Болорчимэг. Түүний телевизийн сэтгүүлч болсон түүх яах аргагүй таны сонирхлыг татна.

Эхлэл бүхэн үргэлж хялбар байдаггүй

МУБИС-ийг англи, монгол хэлний багш, орчуулагч болон Хэвлэлийн хүрээлэнг сэтгүүлч мэргэжлээр зэрэг төгссөн Б.Болорчимэг “Шинэ дэлхий” телевизийн мэдээний албанаас ажлын гараагаа эхэлжээ.

“Албаны дарга маань намайг мэдээнд явуулахгүй, орчуулга л хийлгээд байв. Хийж байгаа ажилдаа сэтгэл дундуур байсан болохоор ажлаасаа гарлаа. Ажлаасаа гарсандаа бантан хэнтэй ч уулзахгүй гэртээ дөрвөн сар бүгсэн дээ. Магадгүй надад өөрийгөө сонсох боломж болсон нь тэр байх. Ер нь оюутны амьдралаас ажлын байранд гарахад сэтгэл зүйн бэлтгэл хэрэгтэй юм байна гэдгийг мэдэрч нэвтрүүлгээрээ тусгаж, залууст хүргэхийг зорьдог” 

Завсарлага түүнд өөрийгөө олох, ажиллах чигээ тодорхойлоход нь тусалжээ. Завсарлагааны дараа ШИНЭ ДЭЛХИЙ телевиздээ дахин орж, Бизнес өрөг нэвтрүүлгийн эхний хувилбар болох BUSINESS TALK ярилцлага хийж, бизнесийн салбарынхантай эргэлт буцалтгүй холбогдов.

Бизнесийн өрсөлдөөнт ертөнц

Бизнесийн салбар яагаад сонирхолтой вэ гэсэн миний асуултад “Хөдөлмөрлөж чадсан нь хождог, сорилт дунд өрсөлддөг ширүүхэн тавцан. Бизнесийн салбарынхан л улсын хөгжлийг тодорхойлдог. Азтайдаа, үе залгамжлаад тэд амжилтад хүрээгүй, урсгалаараа урагшлалгүй, тууштай зүтгэснээр бизнест амьд үлддэг. Тэдний бодит туршлага, туулсан замыг залууст хүргэх нь зарим ном, сургалтаас илүү үнэтэй хичээл болно” гэж харсан аж. Манай багийнхан өнгөрсөн зургаан жилийн хугацаанд олон бизнес эрхлэгчдийг таниулж, олон гарааны бизнесүүдэд урам, санаа, чиг өгч, олон залууст зөвлөгөө болсон байх гэдэгтээ бахархалтай байдаг”  гэж хариулсан юм.

Зарлагаа хянах бус орлогоо ахиулахад төвлөрдөг

Бизнес салбарынхантай холбогдсон түүнээс хувийн болон компанийнхаа санхүүгийн тал дээр баримталдаг зарчмыг нь асуухгүй өнгөрч чадсангүй.

“Би бараг ганц бие амьдралаар амьдарч үзээгүй. Нөхөртэйгөө гуравдугаар курст байхдаа танилцаж, 13 жилийн турш ханилан амьдарч байна. Охин маань гурван настай. Өрхийн болон компанийнхаа санхүүг ихэвчлэн би барьдаг. Зарлагаа хянах бус олж буй орлогоо хэрхэн нэмэгдүүлэх вэ гэдэгт үргэлж анхаардаг. Бид бодлын хязгаартай нийгэмд амьдарч байна. Яагаад ийм зарлага гаргачихав гэж стрессдэхийн оронд орлого дээрээ төвлөрөхийг чухалчилдаг”

Сэтгүүлзүйн ур чадварыг нь нээсэн ӨРӨГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Гартаа цаас барьж, дэгжин хослолтой студийн зүг алхаж яваа бүсгүйг ӨРӨГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ нэвтрүүлгээс та олж харна. Бизнес Өрөг нэвтрүүлэгт сайн сонсогч, сайн ярилцагч байж зочноо л илэрхийлэхийг чухалчилдаг Б.Болорчимэгийг огт өөр дүрээр ӨРӨГ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС олж харсан юм. Өөртөө итгэлтэй, амбиц, үнэнийг эрэлхийлсэн дүртэй тэрээр ӨРӨГ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ дээрээ жинхэнэ өөрөөрөө байж чаддаг гэв.

“Өрөг Хэлэлцүүлэг нэвтрүүлэг сэтгүүлчийн ур чадвар талаасаа хөгжихөд нэлээд дөхөм болсон. Нэг сэдвийг олон талын байр сууринаас хөндөж, хэлэлцүүлэг хийж байгаа учраас сэтгүүл зүйн бүтээл болж чаддаг.

Сэтгүүлчээс удирдлагын түвшин рүү

Эрэн сурвалжлах сэтгүүл зүй болон бизнес, эдийн засаг, хэлэлцүүлгээр дагнасан хоёрөөр характертай хоёр Болороо салбартаа цоо шинэ өнцгийг нээсэн нь Urug.mn сайт байлаа. Б.Болорчимэг хамтрагч найзтайгаа Urug.mn сайтыг нээснээр 10 гаруй хүнийг удирдан чиглүүлж, тэдний сэтгэл зүйтэй ажиллаж сурч байгаагаа ярив. Хувийн бизнесээ эхлүүлээд хоёр жилийн хугацаа өнгөрөхөд тэрээр сэтгүүлчийн ажлаас гадна бизнес авч явах ажилд “дарагдан”, олон юм сурч, түүнийхээ хэрээр өөртөө итгэх итгэл нь нэмэгджээ.

Сайн баг бүрдүүлж, хамт хөгжих нь сэтгүүлзүйд “хол явах” боломж гэж онцлоод, “Сэтгүүлчдээ ажлаа сайн хий, мэргэжлийн бай гэж “дарамтлах” бус ажлаа хэрхэн зөв хуваарилж, бага багаар гартаа оруулах, чигээ олох арга барилыг заах нь маш зөв. Багаараа тасралтгүй суралцаж, шинийг эрэлхийлдэг.

Сэтгүүлзүйн салбартаа шинэ жишиг тогтоох, мэргэжлийн, ёстой зүйтэй ажиллахыг зорьж байгаагаа дахин дахин өгүүллээ.

Сэтгэлзүйн ялалт том сорилтын бэлтгэл болдог

Багш болохгүй гэж бодож сэтгүүлч мэргэжлээр дахин сурсан ч, телевизэд ажиллахынхаа хажуугаар зургаан жил багшилжээ. Тэрээр “MLC Training” сургалтын байгууллагад хувь хүний хөгжил, ярих ур чадвар, харилцааны чиглэлээр дагнан сургалт ордог байжээ. “Хичээл орох миний хобби байсан. Өөрөө хөгжихийн зэрэгцээ сургалтын дараа их үр дүнтэй байлаа. Сургалтад хамрагдсан хүмүүс би сайн ярьдаг болсон гэх үгийг сонсоод урам авдаг. Ер нь хүн ажлынхаа хажуугаар заавал цаг гаргадаг хоббитой байх ёстой. Өөрийгөө нээх, ажлын том сорилтод орох нь сэтгэлзүйн бэлтгэл болдог” гэж өгүүлсэн юм. 

Ганцаараа байх цаг маш чухал

Түүний хувьд амьдралаас тансаглалыг мэдрэхэд кофе ихээхэн тус болдог. Түүнийхээр орчин үед тансаглал хэмээх ойлголт өөрийн дотоод хүнтэйгээ ярилцаж, юу хүсэж байгаагаа дахин нэг тунгааж, өөрийгөө сонсох боломжийг олгох, “амьдрахад” цаг гаргахын хэлдэг. Хүн өөртөө зориулах цаггүй бол шуурганд хийсэх, нэг юмаа давтан хийж байгаа робот шиг л болно гэнэ.

Та 5 жилийн дараах өөрийгөө ямраар харж байна гэсэн асуултад “Би аливааг урт хугацаанд төлөвлөхийг боддоггүй. Би хийж буй зүйлээ яаж “өөрөөр” хийх вэ гэдэгт ач холбогдол өгөн өөрийгөө сорилтод оруулах дуртай. Нэгэн хэвийн өнцгөөс амархан уйддаг төрлийн хүн дээ”  гэж хариулсан юм.

Өөртөө таалагдах гэж хувцасладаг

Хувцас загвар яах аргагүй түүний дуртай сэдэв. Яг үнэндээ ажил хэрэгч хослолтой бүсгүй Stylee.mn-ийн хаалгыг татна гэж бодтол houndstooth хээтэй малгай, пальто өмссөн, дэгжин хэрнээ чөлөөт стильтэй Б.Болорчимэг орж ирэв. “Загварын бүсгүйчүүдтэй уулзахаар цаг товлосон учраас нүүрээ будаагүй ч гэсэн хувцаслалтаараа та бүхэнд сэтгэгдэл төрүүлэхийг хүслээ. Би үнэхээр завгүй байсан ч маргааш юу өмсөхөө төлөвлөдөг.
Хэн нэгэнд бус өөртөө л таалагдах гэж хувцасладаг. Хувцас хүний дотоод ертөнцийн илэрхийлэл болдог.”

Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлсэн сорилт

Сорилтод үргэлж бэлэн байдаг Б.Болорчимэг ирээдүйд ямар чиглэлд өөрийгөө хөгжүүлж байхыг бид мэдэхгүй. Учир нь тэр нэгэн хэвийн амьдрал, өнцгөөр удаан оршин тогтнохыг хүсдэггүй. Ном бичихээр зориглосон нь түүний энэ зантай нь ч холбоотой байж мэднэ. Гэхдээ тэрхүү хүсэл нь нэг л өдөр санаанд буусан бус бүтэн гурван жилийн турш бодож, туршиж үзсэний эцэст бизнес эрхлэгчдийн түүхийг нэгтгэсэн хөрөг ном гаргахаар шийджээ.

“Өчигдөр номоо бичиж байхдаа өөртөө итгэлтэй боллоо. Залуу сэтгүүлч учраас ном бичиж чадахгүй нь гэж өөрийгөө их голдог байсан. Телевизийн сэтгүүлч учраас бичих ажилдаа тийм сайн биш. Ном бичих нь надад нэг төрлийн сорилт байлаа. Уйгагүй бичиж, хичээсний дүнд сайжирч байгаа. Өөрөөс юу гарч болохоо, хамгийн сайн хувилбараа мэдэж авахын тулд өөрийгөө шахаад үзэхэд гэмгүй. Илүү ихийг хийх боломж байхад хойш суух нь хайран санагддаг” гэдгээ хэлэв.

“Амьдралд юу ч тохиолдож болно. Ирээдүйг төсөөлөн харж, урьдаас санаа зовохын оронд “одоо” цагтаа амьдарч сураарай. Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ.” хэмээх үгээр бидний хоёр цагийн ярилцлага өндөрлөв. 

Ярилцсан: Сэтгүүлч Ч.Байгал

Styling by STYLEE

Make up by Sookorita

Photo by Piaa.photography

STYLEE.MN