Алдарт загвар зохион бүтээгч Том Форд өөрийн бичсэн “Tom Ford 002” номоо энэ оны 11 сард гаргахаар болжээ. Тус номонд VOGUE cэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтурын бичсэн өмнөх үг, Vanity Fair сэтгүүлийн редактор байсан Грейдон Картерын бичсэн танилцуулга орох ба WWD вэбсайтын ерөнхий редактор Бриджет Фолейтой хийсэн ярилцлага орох юм байна.
Тэрээр GUCCI брэндэд бүтээлч захирлаар ажиллаж байсан талаарх “Tom Ford” нэртэй анхны номоо 17 жилийн өмнө гаргаж байсан билээ. Харин одоо гаргах гэж буй 2 дахь номондоо 2005 онд үүсгэн байгуулсан Tom Ford брэндийнхээ түүхийг зурган эмхтгэлээр оруулжээ. Уг номондоо Gucci-гээс гарсны дараах үе, брэндээ байгуулж хэрхэн өргөжүүлсэн талаараа болон “A Single Man”, “Nocturnal Animal,” зэрэг Оскарт нэр дэвшсэн кинонуудыг хэрхэн найруулсан талаараа оруулсан байна.
Түүнчлэн дэлхийн алдартнууд болох Julianne Moore, Beyoncé, Jennifer Lopez, Rihanna, Nicholas Hoult, Zendaya, Timothée Chalamet , Drake, Gigi Hadid, Joan Smalls, Mica Argañaraz , Jon Kortajarena нарын Фордын загварыг өмссөн зургууд мөн номонд багтжээ.
“Tom Ford 002” нь нийт 444 хуудастай байх ба номын урьдчилсан захиалга аль хэдийн эхэлсэн байна. Уг номыг Tomford.com вэбсайт болон номын дэлгүүрүүдээр 135$-оор худалдаалагдах юм байна.