1. CAFE NEW YORK, БУДАПЕШТ ХОТ
20-р зууны эхээр Унгарын Будапешт хот уран бүтээлчдийн цуглаж уулздаг байсан газар гэдгийг мэдэх үү? Будапешт хотод байрлах гоёмсог CAFE NEW YORK нь 1894 онд анх нээгдэж байжээ. Сүүлд дизайнер Adam Tihany нь кафег ахин шинэчилсэн ба нэлэнхийдээ алтан шаргал өнгөөр бүрхэгдсэн, тансаг чимэглэл бүхий гэрлийн бүрхүүл, уран зургаар гоёсон таазтай, орчин үеийн тавилгаар тохижуулжээ. Уг кафе нь дэлхийн хамгийн өнгө үзэмжтэй кафенуудын тоонд зүй ёсоор ордог ба кафенаас гадна хүмүүсийн орох дуртай ресторан юм. Тэд уламжлалт Итали болон Унгар хоол санал болгохоос гадна жүжигчидтэй үзүүлбэрүүд тогтмол хийж жуулчдыг татдаг байна.
2. CAFFE FLORIAN, ВЕНЕЦ ХОТ
Венец хотын хуучны гайхалтай үеийг санагдуулам түүхэн кафены нэг бол Caffè Florian юм. Фреско уран зураг, толиор тохижуулсан интерьер нь танд 18-р зуунд очсон мэт сэтгэгдэл төрүүлнэ. Дээр нь үед зохиолчид болон уран бүтээлчдийн цугладаг газар байсан бол өдгөө түүхэн музей маягийн кафе болжээ. Ийм түүхэн дурсгалт, үзэсгэлэнтэй газрыг үзэнгээ амтат кофе уухад 1 кофе нь 10 евро төлсөн ч харамсахааргүй байгаа биз. Түүнчлэн 19-р зуунаас хойш зохиогдож байгаа Venice Biennale нэртэй контемпорари арт үзэсгэлэн энд зохион байгуулагддаг байна.
3. CAFE CENTRAL, ВЕНА ХОТ
Дурсгалын хөшөө бүхий цэцэрлэгт хүрээлэнгүүд, орд харш мэт гоёмсог барилгуудаас гадна Вена хотын бас нэгэн онцлох зүйл нь үүний түүхэн кафенууд юм. Венийн кафенуудаас дэлхийн өнцөг булан бүрт байрлах кофе шопууд санаа авдаг бөгөөд тэр дундаас Café Central хамгийн үзэмжтэйд тооцогддог байна. Гантиг чулуун багана, сүрлэг гоёмсог гэрлийн бүрхүүл, нуман хэлбэртэй тааз бүхий уг алдартай кафе нь 19-р зуунаас хойш сэхээтнүүдийн ордог газар болсон юм. Харин өдгөө сонгодог хөгжмийн амьд тоглолт болдог жуулчид болон хотынхны очих дуртай газар болжээ.
4. CAFÉ IMPERIAL, ПРАГ ХОТ
19-р зууны үед Чехийн Праг хотод кофе шопууд ид хөгжиж, хэд хэдэн алдартай том кафенууд нээгдэж байсан. Үүний нэг бол Арт Деко архитектурын тод жишээ болсон Café Imperial юм. Гоёмсог мозаик, болон плитагаар чимэглэсэн интерьертэй уг кафе нь амтат өглөөний цай, уламжлалт Чех хоол идэх төгс газар байх болно.
5. CAFE DE LA PAIX, ПАРИС ХОТ
Дэлхийн хамгийн анхны кафег Франц улсын нийслэл Парис дахь “Le Procope” гэдэг бол интерьерийн хувьд хамгийн үзэмжтэйгээр нь Cafe de la Paix-ийг нэрлэдэг байна. Уг кафег стукко маягийн хээнцэр шохойн тааз, алтлаг хана, гантиг ширээгээр тохижуулсан ба замынхаа эсрэг талд байрлах Дуурийн Театртай адилхан архитектураар барьжээ.
6. SAINT AYMES, ЛОНДОН ХОТ
Хэрвээ та цэцгэнд дуртай бол Английн Лондонд байрлах Saint Aymes кафегаар заавал зочлоорой. Гадна тал нь цэцгээр бүрхсэн, үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнгийн өнгө аясыг шингээсэн уг кафег гаднаас нь харахад л анхаарал татаж хараа булаам. Кафе нь ягаан өнгөөр дагнасан гал тогооны хэрэгслүүдтэй ба сарнайн типучино, ганц эвэртийн милкшэйк зэрэг ерөнхий өнгө аястаа нийцсэн өвөрмөц уух зүйлсийг бэлтгэдэг байна. Дотроо харин ногоон өнгийн хилэн буйдантай, илүү тав тухтай мэдрэмжийг төрүүлдэг гэнэ.
7. Greem Café, Seoul, СӨҮЛ ХОТ
Солонгос улсын Сөүл хотод байрших Greem Café руу оронгуут танд бодит байдлаас тэс өөр 2 хэмжээст ертөнцөд ирсэн мэт мэдрэмж төрнө. Хана, тавилгуудаас эхлээд халбага сэрээ гээд бүх зүйл нь 2 хэмжээст зураг байдлаар хийгдсэн ба танд харандаагаар зурсан зураг дотор байгаа мэт сэтгэгдэл төрөх юм. Кафены нэр нь Крим буюу Солонгос хэлээр зураг гэсэн утгатай юм байна.
8. Swan Café, Кейп Таун хот
Өмнөд Африкийн Кейп Таунд байрлах уг кафе руу орвол танд Парист ирсэн мэт сэтгэгдэл төрж магад. Уг кафены гол онцлог нь үзэсгэлэнт хунгийн зураг болон чимэглэлүүд юм. Үүний дизайныг Haldane Martin гаргасан ба маш эмэгтэйлэг , романтик , Франц хэв маягийг шингээн хийсэн байна. Түүнчлэн интерьертээ хүртэл Франц улсын далбааны өнгө болох цэнхэр, цагаан, улаан өнгүүдийг оруулж өгчээ. Зэс болон гуулин чимэглэлүүд нь кафены улаан ягаан өнгүүдтэй гайхалтай зохицдог.