Сүүлийн үед хүмүүсийн хамгийн ихээр дурлах болсон Off-white брэндийн үүсгэн байгуулагч, LV брэндийн бүтээлч захирал Виржил Абло нь хэдхэн хоногийн өмнө 11 сарын 28-нд хорт хавдрын улмаас таалал төгсөж загварынхан уй гашууд автаад байна. Дөнгөж 41 настай байсан тэрээр загварын ертөнцөд өөрийн гэсэн шинэлэг хэв маяг, ур чадвараараа танигдсан, хүмүүсийн хайртай загварын нөлөө бүхий эрхэм байсан юм.
Тэрээр загвар зохион бүтээж эхлэхээсээ өмнө Скейтбордер, DJ хийдэг байсан ба архитектурын мэргэжлээр магистр хамгаалж байжээ. Загварын гараагаа 2009 онд Ромд FENDI брэндэд Канье Уэстийн хамтаар дадлага хийж эхэлсэн төдийгүй Парисын загварын шоуны үеэр Канье Уэсттэй авхуулсан групп зураг нь олны анхаарлыг татаж байсан. Харин 2013 онд өөрийн Off-white загварын брэндээ нээсэн нь өдгөө дэлхийн хамгийн алдартай, хүсэмжит брэндүүдийн нэг болжээ.
Цаашлаад 2018 онд Louis Vuitton(Men’s)-ий бүтээлч захирал болсон нь анхны өнгөт арьст эрэгтэй Францын тансаг зэрэглэлийн загварын ордонг удирдсан тохиолдол болж байв. Үүнээс хойш LV брэндийг илүү орчин үеийн, гудамжны чөлөөт стильтэй болгон өөрчилж, шинэлэг өнгө төрхийг харуулах болсон . 2015 онд VOGUE сэтгүүлд түүнийг “World Wonder” буюу дэлхийн гайхамшиг хэмээн нэрлэсэн бол 2019 онд “Дэлхий дахины стилийг тодорхойлсон эр” хэмээн нэрлэжээ.
Тэрээр сүүлийн 2 жилийн турш маш ховор төрлийн хорт хавдартай тэмцэж байсан ч ийнхүү харамсалтайгаар хорвоог орхижээ. Олон алдартнууд болон загварынхан гүнээ харамсаж буйгаа өөрсдийн сошиал хуудсандаа илэрхийлжээ. Мөн сайн найзаа алдсан реппер Канье Уэст Инстаграм дахь бүх зургаа устгасан байна.
Ингээд түүний хийж байсан гайхалтай бүтээлч ажлуудаас эргэн дурсъя.