Ralph Lauren бол Америк хэв маягийг дэлхийд таниулсан хамгийн алдартай брэндүүдийн нэг билээ. Харин брэндийн үүсгэн байгуулагч, загвар зохион бүтээгч Ральф Лорены түүх танд үлгэр шиг сонсогдож магадгүй. Ядуу Еврей гэр бүлээс гаралтай хүү дэлхийн хэмжээний загварын эзэнт гүрнийг байгуулж, бизнесийн ертөнцийн хамгийн нөлөө бүхий эрхмүүдийн нэг болсон гэдэг жинхэнэ Америк мөрөөдөл биш гэж үү?
Ингээд брэндийн сонирхолтой түүхтэй танилцъя.
Ральф 1967 онд жижиг зангианы бизнесээс бүхнийг эхлүүлсэн гэдэг. Тэрээр “Beau Brummel”-ийн шоурүүмд ажиллаж байхдаа үлдэгдэл даавуугаар нь анхны зангианы цуглуулгаа урласан юм. Эдгээр нь зах зээлд худалдаалагдаж байсан зангиануудаас илүү том, өргөн хэмжээтэй бас их өнгөлөг, шинэлэг загвартай байсан тул Нью Йоркийн их дэлгүүрүүд бүгдийг нь шуураад л авсан байна.
Үүний дараагаар “POLO Ralph Lauren” нэрэн доор эрэгтэй хувцасны цуглуулгаа гаргаж эхэлсэн нь Ральфын амжилтын эхлэл байв. Цагаан өнгийн хослол, спорт материалтай сорочкон цамцнууд гаргасан нь бусдаас ялгарч байлаа. Тун удалгүй “Polo by Ralph Lauren” нэртэй анхны дэлгүүрээ 1970 онд Bloomingdale’s их дэлгүүрт нээсэн бөгөөд брэндийн таних тэмдэг болсон морины хэлбэртэй лого нь тэр үед бүтжээ.
Харин дараагаар нь Америк хэв маягийн салшгүй нэг хэсэг болсон олон өнгийн поло цамцаа гаргаж эхэлсэн байна. Сонирхуулж хэлэхэд бид бүхний сайн мэдэх Поло баавгайны лого нь Ральфын ажилчнаасаа бэлгэнд авсан баавгайнаас сэдэл авч бүтсэн гэнэ.
Цаашилбал, 1972 оноос Ralph Lauren эмэгтэй хувцасны коллекци гаргаж эхэлсэн ба тэрээр “Намайг эрэгтэй коллекци гаргах болгонд эмэгтэйчүүд надад яг адилхныг хийж өгч болох уу гэж асуудаг байсан. Харин би тэдний дуу хоолойг сонсож эмэгтэй хувцас хийхээр шийдсэн” гэжээ.
Ralph Lauren 1970-аад оны Холливудэд гарч эхлэлээ. 1974 оны “The Great Gatsby” киноны гол дүр Роберт Редфордын өмссөн Ralph Lauren-ы дэгжин хослол, 1977 оны “Annie Hall” киноны гол дүрийн жүжигчин Дайан Китоны загварлаг хувцаслалтад үзэгчид дурлаж байв. Ральфын хамгийн ухаалаг шийдвэр бол тэдэнд зориулж хувцас хийх биш, брэндийнхээ бэлэн коллекциос сонгож хувцасласан нь хүмүүст тухайн загварыг дэлгүүрээс нь шууд худалдан авах боломжийг олгосон явдал байлаа.
1980,90-ээд онуудад бизнесээ улам өргөжүүлсээр гэр ахуйн бараа, хүүхдийн хувцас, жийнс, үнэртэй ус зэрэг олон төрлийн нэмэлт бүтээгдэхүүн гаргах болжээ. Зогсолтгүй, хурдтайгаар хөгжин тэлсээр Ralph Lauren брэнд Нью Йорк , Лондонд шинэ салбаруудаа нээж, нэрийн ресторанаа хүртэл Чикагод нээсэн байна.
50 гаруй жилийн түүхтэй уг брэнд нь өдгөө Ralph Lauren Collection, Ralph Lauren Purple Label, Polo Ralph Lauren, Double RL, Lauren Ralph Lauren, Polo Ralph Lauren Children, Chaps зэрэг лайнуудтай ба дэлхий даяар 150 гаруй дэлгүүртэй тансаг амьдралын хэв маягийг тодорхойлох цогц брэнд болжээ.
Ralph Lauren брэнд яагаад одоог хүртэл амжилттай яваа вэ?
Үүнд 2 гол хүчин зүйлс орно. Нэгдүгээрт: Ralph Lauren-ий загварууд хэзээ ч моданаас хоцрогддоггүй, сонгодог байж чаддаг. Загварын трендүүд байнга л өөрчлөгдөн солигдож, ээлжлэн эргэлдэж байдаг ч түүний хувцаснууд энэ загварын тойргоос гадуур оршдог. Хоёрдугаарт: Брэндинг. Ralph Lauren зүгээр нэг хувцас зардаг брэнд биш, харин тансаг амьдралын хэв маягийг цогцоор нь танд мэдрүүлдэг брэнд юм. Нэг ёсондоо хүсэл тэмүүлэл, Америк мөрөөдлийг зардаг гэж ойлгож болно.