Жил бүрийн 12 сард Пантон өнгөний институтээс ирэх оныхоо өнгө төрхийг тодорхойлох, тренд өнгийг танилцуулдаг билээ.
Тэгвэл 2022 оны онцлох өнгөөр “Very Peri” нэртэй цэнхэр туяатай нил ягаан өнгө тодорчээ. Цэнхэр, ягаан хоёрын завсрын гэмээр уг өвөрмөц өнгө нь баяр хөөр, урам зориг, өөртөө итгэлтэй байдлыг илэрхийлдэг ба бүтээлч санаа, уран сэтгэмжийн билэгдэл юм.
Бид яг одоо шилжилтийн үед амьдарч байгаа билээ. Уг өнгө нь дэлхий дахиныг хамарсан, түүхэнд бичигдэх энэ л он цагийн билэгдэл болж байна. Дэлхий даяараа хөл хорио тогтоосон энэ үйл явдал нь бид бүгдийн бодит амьдралд ч, цахим амьдралд мөн тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь үнэн. Эерэг талаас нь бодвол цахим ертөнц бидний харах өнцгийг өөрчилж, хүрээг тэлж, шинэ виртуал ертөнцийн үүд хаалгыг нээж өгсөн гэж хэлж болно. Цаашилбал, илүү их эрэл хайгуул хийх, бүтээлчээр сэтгэх, уран сэтгэмжээ ашиглах сэдлийг төрүүлэх болсон. Тиймээс ч Пантоны цоо шинэ өнгө болох Very Peri нь 2022 онд яг л бидэнд хэрэгтэй урам зориг, өөдрөг ирээдүйг зөгнөж байгаа юм.