“Emily in Paris” цувралаас суралцах 6 зүйл

Сүүлийн үед Netflix-ийг байлдан дагуулж буй цувралуудын нэг бол яах аргагүй “Emily in Paris” билээ. Парис хотын гоёмсог өнгө төрх, үзэмжийг харуулсан, загварлаг бүсгүйчүүдийн сонирхолтой амьдралыг өгүүлэх тус цувралын 2 дахь сезон нь саяхан гарсан. Маркетингийн мэргэжилтэй 20 гаран насны залуухан Америк бүсгүй компанийнхаа Парис дахь салбарт 1 жил ажиллахаар томилогдон, Парисын амьдралын хэв маяг, хүмүүстэй хэрхэн зохицож буй болон түүнд тохиолдож буй хөгжилтэй адал явдлуудаар цувралын үйл явдал өрнөдөг. Түүнчлэн гол дүрүүдийн өнгөлөг, загварлаг, гайхалтай хувцаслалтууд үзэгчдийн харааг булаадаг билээ.

Загварлаг хувцаслалтаас гадна гол дүрийн бүсгүй Эмили хэл мэдэхгүй ч шинэ газар шинэ хүмүүстэй хэрхэн дасан зохицож, бусад хүмүүс түүнийг үл ойшоосон ч өөдрөг байдлаа гээлгүй өөрийн чадах бүхнээрээ Франц маркетингийн компанид шинэчлэлтийг авчирч буйг цувралаас харж болно. Тиймээс хувь хүний хөгжил болон карьерын хувьд түүнээс суралцах зүйлс нэлээдгүй бий.

1. Шинэ боломжийг нээлттэй хүлээж авах

Эмилигийн хувьд Чикаго дахь амьдралаа, найз залуу, найзууд, гэр бүлээ орхин Франц руу жилийн хугацаатай ажиллахаар явдаг. Парист ямар ч танил, найз нөхөд, гэр бүл байхгүйн дээр Франц хэл мэдэхгүй түүний хувьд энэ нь үнэхээр зоригтой, аймар ч юм шиг, том шийдвэр байсан. Харин таны хувьд хамгийн сүүлд хэзээ ажил амьдралыг тань өөрчлөх шинэ боломжууд гарч ирж, түүнд нь тийм гэж хэлсэн бэ?

Хэрэв таныг илүү сорих, хүчин зүтгэл шаардах ямар нэгэн ажлын санал гарч ирсэн бол үгүй гэж хэлэхээсээ өмнө ахин нэг бодож үзээрэй. Юуны түрүүнд тухайн шинэ ажил таны ур чадвар болон ааш занд тохирох ажил мөн үү гэдгийг нягтлах, мөн хэтийн зорилгодоо хүрэхэд тань түлхэц болох эсэхийг бодолцож ментортойгоо ярилцан шийдвэр гаргаарай.

2. Мэргэжилтэн гэдгээ батлах

Эмили бол сошиал медиагаар мэргэшсэн маркетингийн мэргэжилтэн бүсгүй. Тэрээр өмнө нь хийж байсан үр дүнтэй маркетингийн ажлуудаа дурдахаас гадна Парист ирсэн даруйдаа өөрийн сошиал медиагаа хөгжүүлж дагагчдаа нэмсэн нь түүнд олон шинэ боломжуудыг гаргаж ирсэн билээ. Тэгвэл өөрийгөө мэргэжилтэн гэдгийг хэрхэн батлах вэ?

LinkedIn дээр өөрийн мэргэшсэн зүйлийн талаар нийтлэл бичих, блог хөтлөх эсвэл подкастуудад зочноор орсноор хүмүүс таны талаар болон мэргэшсэн салбарын тань талаар мэдлэгтэй болох болно. Өөрийн хийж байсан хамгийн амжилттай төслүүдийг цуглуулж салбарынхаа конференцид тайлагнах гэх мэт өөрийн мэддэг чаддаг зүйлээрээ хүмүүст танигдах боломжтой байдаг.

3. Бусад улс орны соёлыг ойлгож хүндэтгэх

Эмили Парис руу явах болсондоо ихэд баяртай байсан ч Америк Францын соёлын ялгааг огтхон ч ойлгоогүй, Франц хэл болон ажлын соёлд суралцаагүй очдог. Парис дахь ажлын цагаас эхлээд, бизнес уулзалт, арга хэмжээ зэрэг бүх зүйлийг Чикаготой адилхан байна гэж төсөөлсөн нь түүний алдаа байсан. Тэрээр олон улсад ажиллаж буй менежер хүний хувьд Франц хүмүүсийн хоорондоо хэрхэн харилцдаг болон тэдний үнэ цэнэ, ааш зан, ёс журам, хүндлэл зэргийг суралцан нийгмийн болон байгууллагын соёлыг маш сайн ойлгож өөрийгөө бэлтгэх хэрэгтэй байсан. Тиймээс ч анх Францад ирээд хамтран ажиллагсадтайгаа үл ойлголцох асуудлууд багагүй гардаг.

Хэрэв та олон улсын байгууллагад ажиллах гэж байвал бусад орны соёлд суралцан, харилцан бие биенийгээ хүндэтгэж ойлгосноор бусад хүмүүстэй хамтарч ажиллахад илүү амар байх болно.

4. Боломжийн араас шаргуу хөөцөлдөх

Эмили маркетингийн агентлагтаа шинэ харилцагчид олохын тулд маш шаргуу хөдөлмөрлөдөг. Түүний амбиц, тэмүүллийг бусад ажилчид нь үл тоомсорлож, тохуурхангуй хүлээж авсан ч Эмили огт тоолгүй шинэ харилцагч олохын тулд шантралгүй хичээсээр эцэст нь хэд хэдэн чухал харилцагчид олж, сошиал медиагийн стратегийг амжилттай боловсруулдаг.

Эмили шинэ бүтээл, амжилт бүрийнхээ дараа бусад хамтран ажиллагсдаа хүндэтгэх, харилцагчдынхаа итгэлийг нь олох гэх мэт олон зүйлсийг суралцсаар байдаг. Түүн шиг ажиллаж буй компаниа өсөн дэвжүүлж, зорилгодоо хүрч хөгжүүлэх боломжуудыг үргэлж хайсаар байх хэрэгтэй.

5. Хүн бүрт таалагдах албагүй

Эмили шинэ боссдоо таалагдахын тулд бүх л аргыг хэрэглэж дотносохыг хичээдэг боловч бүтэлгүйтдэг. Оролдлого хийх тусам даргынхаа дургүйг бүр л их хүргэдэг. Түүнчлэн хүмүүст таалагдахын тулд өөрийнхөө гаргасан шинэ санааг бусдынх болгоод өгчихдөг сул талтай. Өөрийн хийсэн ажлаа бусдад шууд тэгж өгөх нь өөрийнхөө компанидаа оруулж буй хувь нэмрийг багаар үнэлүүлж, цаг зав, энергиэ бусад хүмүүст таалагдахын тулд дэмий үрж байгаа хэрэг юм.

Үүний оронд ажлын ур чадвар, хичээл зүтгэлээрээ өөрийгөө батлан харуулж хамтрагчдынхаа итгэл хүндэтгэлийг хүлээх хэрэгтэй. Хэтэрхий их бусдад таалагдах гэж хичээх нь ажлын үр бүтээлд муугаар нөлөөлж болзошгүй. Мөн бусдад таалагдахыг хичээдэг удирдагчид зоригтой шийдвэр гаргаж чаддаггүй ба харин ажилчид нь чухал асуудлуудыг сөхөж хэлэлцэхийг хүсдэггүй сул талтай байдаг.

6. Ажлаасаа халагдах нь карьерын төгсгөл биш

Ажлаасаа халагдах нь тухайн үедээ ертөнцийн төгсгөл мэт л хэцүү санагддаг. Гэвч энэ нь тухайн нөхцөл байдлаас суралцаж өөрийгөө цаашид хөгжүүлэх, амьдралдаа өөрчлөлт хийх боломж юм. Цуврал дээр Эмили мөн л хэсэг хугацаанд ажлаасаа халагддаг.

Хэрэв танд ийм зүйл тохиолдсон бол яг ямар шалтгаанаар халагдсанаа асууж мэдэн цаашид алдаагаа давтахгүй байх тал дээр анхаарахад болно. Эсвэл анхнаасаа л танд тохирохгүй ажил байсан байж ч болох юм. Тэгвэл энэ боломжийг ашиглан өөрийн цаашдын зорилгыг шинээр тодорхойлон, дараагийн алхмуудаа бодож олох хэрэгтэй.