Шоколаданд дургүй хүн ер нь ховор байх. Гайхалтай донтуулам амтнаас гадна дэлхий даяараа энэ амттанд дурладаг шалтгаан бол шоколадны орц юм. Шоколадыг байгалийн шидэт үр хэмээн нэрлэдэг ба шоколаданд ордог бодисууд нь хүний сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөг нь шинжлэх ухаанаар батлагджээ.
1. Фенилэтиламин
Шоколаданд агуулагдах P.E.A. буюу фенилэтиламин хэмээх бодис нь хүний дурласан үедээ биеэсээ ялгаруулдаг бодис юм. Валентины баяраар хосууд бие биедээ шоколад өгдөг заншил нь үүнтэй холбоотой. Фенилэтиламин нь хүний бие дэх эндорфины ялгаруулалтыг өдөөж, аз жаргалын гормон болох допамин болон серотониныг ялгаруулалтыг нэмэгдүүлдэг. Үүнээс гадна уг бодисыг сэтгэл гутралын эмчилгээнд мөн хэрэглэгддэг байна.
2. Теобромин
Шоколаданд агуулагдах уг бодис нь зүрхний цохилтыг түргэсгэж, хүний биеийг ядраахгүй байх үйлчилгээтэй. Теобромин нь кафейн хэрэглэснээс хамаагүй удаан хугацаанд үйлчилж, хүнийг эрч хүчтэй байлгадаг гэнэ. Теоброминыг төстэй хэмжээгээр агуулдаг бас нэгэн хүнс бол макамбо үр юм. Гэхдээ макамбо үр хэзээ ч шоколад шиг алдартай болоогүй юм.
3. Магнезиум
Эмэгтэйчүүд сарын тэмдгийн үедээ шоколад идмээр санагддаг нь зөвхөн идэх дуршлаас нь болдоггүй, харин бие физиологийн хэрэгцээтэй нь холбоотой. Шоколад нь тайвшруулах үйлчилгээтэй магнезиум хэмээх бодисыг агуулдаг бөгөөд энэ нь сэтгэл түгшилтийг багасгаж, сарын тэмдгийн өвдөлтийг намдаадаг байна. Энэ өвдөлтийн үед магнезиумыг В6 витаминтай хавсран хэрэглэх нь хамгийн үр дүнтэй байдаг. Тийм ч учраас энэ 2 бодисыг хамтад нь агуулсан Moodygirl нэртэй шоколадны брэнд хүртэл гарч иржээ.
4. Кафейн
Кафейн бол бидний өдөр тутамдаа хэрэглэдэг, бие тархийг сэргээж, эрч хүчийг өгдөг бодисуудын нэг юм. 1 дөрвөлжин хар шоколаданд 24мг кафейн агуулагддаг бол 1 шот эспрессод 80-100мг кафейн агуулагддаг байна. Кофег кафейны хэмжээгээрээ гүйцэхгүй ч шоколад нь бусад орцуудтайгаа нийлээд хүнийг сэргээж, эрч хүчтэй байлгахад хангалттай үйлчилдэг.
5. L-триптофан
Тайвшруулах үйлчилгээтэй энэ бодис нь шоколаднаас гадна цацагт хяруулын маханд ихээр агуулагддаг. Талархлын баярын зоогийн дараа хүмүүсийн нойр хүрдэг нь үүнтэй холбоотой. Гэхдээ L-триптофан нь зөвхөн нүүрс устай хамт хэрэглэснээр идэвхжиж тайвшруулах, нойрсуулах үйлчилгээг үзүүлдэг байна. Шоколад нь чихэр тодорхой хэмжээгээр агуулдаг тул L-триптофан нь хангалттай үйлчилнэ гэсэн үг юм.
6. Полифенол
Полифенол ихээр агуулсан хүнс нь антиоксидантын төрөлд орох ба хүний ерөнхий сэтгэл санааны байдалд нөлөөлдөг байна. Мөн хүний тархийг хамгаалж, сэтгэцийн өвчин тусахаас сэргийлэх үйлчилгээтэй. Хямдаас гадна, сөрөг нөлөө багатай учир Полифенолыг олон төрлийн хоол хүнс болон нэмэлт тэжээлд оруулсан байдаг. Түүнчлэн уг бодис нь бүх төрлийн шоколаданд агуулагдах ба ерөнхийдөө тайвшруулах, сэтгэл санааг өргөх үйлчилгээтэй.