Эрүүл байна гэдэг нь нэгэн төрлийн тансаглал билээ. Өвчин туссаны дараа эмчлэх биш өвчин тусахаас сэргийлэх нь хамгийн чухал. Тиймээс ч залуучууд өдөр тутмын амьдралдаа эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлж дасгал хөдөлгөөн хийх, зөв зохистой хооллох, мөн сэтгэл зүйгээ эрүүл байлгах тал дээр нэлээдгүй анхаарал хандуулах болсон. Жижиг дадлууд том өөрчлөлтийг авчирдаг учир таны эрүүл мэндэд сайнаар нөлөөлөх энгийн дадлуудаас хуваалцъя.
Нэмэлт тэжээл/ витамин
Сайн чанарын витамин тогтмол уух нь хүний биед олон ашиг тустай. Эрч хүч нэмж, сэтгэл санааг өргөн, хоол боловсруулалт, нойр, дархлааны систем зэрэг олон зүйлд эерэгээр нөлөөлж чаддагаараа онцлогтой. Мэдээж юуны түрүүнд танд ямар витамин уух шаардлагатайг эмчтэйгээ заавал зөвлөлдөөрэй.
Өдөр тутмын хөдөлгөөн
Сүүлийн үед хүмүүс маш идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх болсон. Энэ бүх идэвхтэй дасгал хөдөлгөөнөөс гадна бидний өдөр тутмын энгийн хөдөлгөөн нь биед маш чухал үүргийг гүйцэтгэж байдаг. Өдөрт 10 мин алхах, ажил дээр сууж биш зогсож ажиллах, сандалны оронд том дасгалын бөмбөгөн дээр суух зэрэг жижиг дадлууд нь хүний бодисын солилцоо, сэтгэл санаа, биеийн энергид нөлөөлж чаддаг байна.
Хүйтэн шүршүүрт орох
Маш хурдан хугацаанд сэргэж эрч хүчтэй болох арга бол хүйтэн шүршүүрт орох юм. Хүйтэн терапи нь цусан хангамжийг сайжруулахаас эхлээд нитрик-оксидыг ялгаруулах, үрэвсэл багасгаж хоолны дуршлыг зохицуулах, мэдрэлийн системийг сайжруулах, сэтгэл санааг өргөх зэрэг олон ач тустай. Хүйтэн шүршүүрт ороход эхлээд бие бага зэрэг цочирдох ч хэсэг хугацааны дараа амархан дасчихдаг. Хамгийн эхлээд орохдоо 15 секундээс эхлээрэй. Бага багаар хугацаагаа нэмсээр 7 хоногийн дараа гэхэд л 45-60 секунд тэсдэг болсон байна. (Өвлийн улиралд ч мөн адил)
Төгс өглөөний цай
Өглөөний цайгаа хэрхэн уух нь тухайн өдрийн сэтгэл санааны байдал, энергид тань нөлөөлдөг. Орчин үед хүмүүс өөрсдөд нь юу идвэл тохиромжтой вэ гэдэгт анхаарах бус сүүлийн үеийн трендийг даган хооллох болсон. Ингэснээр хоолондоо бүрэн цадахгүй, өлссөн мэдрэмжтэйн дээр сэтгэл санааны байдал тогтворгүй үлддэг. Яагаад гэвэл биеийн онцлогоос шалтгаалж зарим хүмүүст хатаасан жимс, зөгийн бал, бусад жимс жимсгэнэ орсон хивэгтэй зутан нь гайхалтай шим тэжээлтэй өглөөний цай болдог бол зарим хүмүүсийн цусан дахь сахарыг ихэсгэчихдэг гэмтэй. Үүний оронд өндөг, оройны хоолныхоо үлдэгдэл, эсвэл кето хоол гэх мэт илүү давсархаг төрлийн хоол идвэл илүү зохимжтой. Тиймээс төрөл бүрийн өглөөний унд хийж туршин, өөрийн биед зохицохыг олох нь чухал юм.
Өөртөө массаж хийх
Массаж бол амьдралын гайхалтай нэгэн тансаглал билээ. Биеийн гэмтэл, булчин булралтыг багасган үрэвслийг намдаадаг шидтэй. Мөн массаж хийснээр мэдрэлийн системийн тайвшруулж, стессийг бууруулан, энерги болон нойрны тэнцвэрт байдлыг хадгалдаг. Гэхдээ та эрүүл байхын тулд заавал үнэтэй массажинд орох шаардлагагүй. Гэртээ массажны жижиг төхөөрөмжүүд авч өөрөө өөртөө багахан цаг гарган массаж хийхэд л болно.