2022 оны намар өвлийн эрэгтэй загварын 7 хоног саяхан 1 сард болж өнгөрсөн билээ. Эрэгтэй загварын 7 хоног нь брэндүүдийн хувьд нэг ёсондоо эмэгтэй загварын шоунаас өмнө сонин содон, шинэ санаагаа туршиж үзэх 7 хоног байдаг. Харин энэ жилийн хувьд нэрт дуучид, жүжигчид загварын тайзнаа алхсан нь онцлох үйл явдал байв. Тухайлбал, Machine Gun Kelly “Dolce & Gabbana”-гийн шоуг нээж алхсан бол “Prada”-гийн шоунд жүжигчин Кайл Маклахленаас эхлээд Жефф Голдблюм, Эштон Сандерс, Эйса Баттерфилд нар алхсан юм. Тэгвэл энэ онд ямар ямар загварууд эрчүүдийн дунд тренд болохыг сонирхуулъя.
1. Загварлаг бомбер
Дэлхийн нөлөө бүхий загварын брэндүүд өөр өөрсдийн онцлогийг харуулсан бомбер хүрмүүдийг шинэ цуглуулгадаа оруулжээ. Тухайлбал, Louis Vuitton тод өнгийн, лого принттэй бомбер гаргасан бол Prada бүстэй загвар, Rick Owens өвөрмөц ханцуйн оруулгатай, Кenzo богино загварын бомбер тус тус гаргасан байна.
2. Хальсан загварууд
Өмнөх жилүүдэд 2дох арьс гэгддэг бие барьсан хальсан загварууд эмэгтэй хувцасны тренд болж байсан бол уг загвар энэ жил эрчүүдийн загварын чиг хандлагыг тодорхойлж байна. Loewe Vetements, Dolce & Gabbana зэрэг брэндүүдийн загварын шоунуудад янз бүрийн өвөрмөц принттэй хальсан загварууд зонхилж байлаа.
3. Намхан суудал
2000-аад онд эмэгтэй хувцасны тренд болж байсан намхан суудалтай өмднүүдийг энэ жил Dior Men, Louis Vuitton, Alled-Martinez, Y/Project брэндүүдийн эрэгтэй хувцасны цуглуулгаас харж болно.
4. Эмэгтэйлэг хослол
Энэ онд эмэгтэйлэг загвар, хэв маягтай эрэгтэй хослолууд тренд болж байгаа бөгөөд загварын тайзнаа өргөн өмд, бэлхүүс тодотгосон бүстэй загварууд зонхилж байлаа.
5. Хөвсгөр хүрэм
Хөвсгөр үстэй хүрмүүд хэзээд загварлагт тооцогддог билээ. Sacai, Rick Owens, Hermès, Fendi зэрэг томоохон брэндүүдийн хөвсгөр хүрмүүд ирэх намар өвлийн тренд болох нь.
6. Жийнсэн хослол
Ye болон Жулия Фокс нар Парисын загварын 7 хоногт ирэхдээ загварлаг жийнсэн хослолоор хосолж олны анхаарлыг татсан. Тэгвэл яг ийм жийнсэн хослол энэ оны халуухан тренд болж байна.
7. Орчин үеийн “Данди” стиль
18-р зууны үеэс гаралтай Данди стиль эрчүүдийн загварт чухал байр суурийг эзэлсээр ирсэн. Энэ жил Rhude, Erdem, Kenzo-гийн шинэ цуглуулгаас дэгжин Данди стилийн орчин үеийн хувилбаруудыг харж болно.
8. Хүчирхэг мөр
Өргөн, том мөртэй хүрмүүд 2022 онд тренд болоод байна. Casablanca, Dolce & Gabbana, L.V брэндүүд өнгөлөг том мөртэй загварууд гаргасан бол Zegna сонгодог хар өнгөөр дагнажээ.
9. Урт ороолт
Энэ жилийн намар өвөл таныг дулаахан байлгах нэгэн тренд бол том зузаан ороолт юм. Dries Van Noten, Hed Mayner, Kolor брэндүүдийн XL хэмжээтэй том ороолтуудаас сонирхоод үзээрэй.
10. Хөгжилтэй загварууд
Загвар яагаад үргэлж “SERIOUS” байх ёстой гэж? Содон, хачирхалтай, хүүхдийнх ч юм шиг гэмээр сонин загварууд яг одоо тренд болж байна. Jonathan Anderson, JW Anderson, Loewe, Comme des Garçons, Moschino, Vetements брэндийн цуглуулгаас уг трендийг олж харж болно.