Б.Халиун: Би өөртөө “Чи ялагч” гэж бат итгүүлж чадсан

Ковер
14
3сар
22

Загварын салбарын шилдгийг тодруулдаг America’s Next Top Model нэвтрүүлгийн албан ёсны эрхтэй монгол хувилбар 3 дахь улиралдаа “The Models” нэртэйгээр 2021 онд бүтээгдсэн билээ.
Нэвтрүүлэгт оролцсон 22 үзэсгэлэнт охидоос зан чанар, ур чадвар, эрдэм мэдлэгээрээ онцгойрсон нэг оролцогч нэвтрүүлгийн ялагч болж, Монголын Дараагийн Топ Модель хэмээх алдрыг хүртсэн юм. Тэр хүн бол Ханна буюу Халиун. Ингээд “The Models” нэвтрүүлгийн ялагч, загвар өмсөгч Буянхишигийн Халиунтай ярилцсан ярилцлагыг танд хүргэж байна.

 

“The Models” нэвтрүүлгийн ялагч болсонд баяр хүргэе.

-Баярлалаа, “The Models” нэвтрүүлгийн ялагч болоод, “Stylee” сэтгүүлийн ковер моделиор ажиллаж байгаадаа баяртай байна. Сэтгүүлийн хамт олонд 1 жилийн ойн баярын мэндийг хүргэе ээ.

Нэвтрүүлгээр энхрий ялдам, эрэмгий зоригтой Халиуныг үзэгчид олж харсан. Харин оролцогч охид Халиуны хандлагад шүүмжлэлтэй хандаж буй нь ажиглагдсан. Халиун буюу Ханна гэж яг хэн юм бэ. Ямар зан чанартай нэгэн юм бэ гэдгээс яриагаа эхэлье.

– Нэвтрүүлгийг би өрсөлдөөн гэдэг утгаар нь харсан. Өрсөлдөөнд нөхөрлөл чухал биш. Өрсөлдөөнд зорилго чухал. Би ялагч болох зорилготойгоор нэвтрүүлэгт оролцсон. Тиймээс ч зорилгодоо төвлөрч, өрсөлдөж чадсан гэж боддог. Би бол өөртөө “Чи ялагч” гэж бат итгүүлж чадсан. Би оролцогч охидоос хүчирхэг сэтгэл зүйгээрээ ялгарсан гэж боддог. Халиун гэж яг хэн бэ гэсэн асуултад “Зорилгоо нэгт тавьдаг, манлайлагч байхыг хичээдэг, хэлэхийг хүссэн зүйлээ бусдад хэлчихдэг, эрх тэгш байдлыг чухалчилдаг, аливааг эерэгээр хардаг, хэн нэгний нөлөөнд автдаггүй, сэтгэл зүйн дархлаатай нэгэн” гэж хариулна аа.

Нэвтрүүлгийг үзэхэд Халиуны гарт байнга бугуйн цаг зүүлттэй байдаг байсан. Мөн Халиун хамгийн эрт унтаж, хамгийн эрт босдог оролцогч байсан шүү дээ.

– Миний хувьд нэгдүгээр ангиасаа эхлэн бугуйн цагийг байнга зүүж байна. Бугуйн цаг миний биеийн нэг хэсэг мэт болсон гэж хэлж болно. Оролцогч охидын маань нэгэнд ч бугуйн цаг байгаагүй нь гайхмаар санагдаж байсан. Нэвтрүүлэгт гар утас ашиглахыг хориглодог. Охидын хамтаар амьдарч байсан гэр ханын цагтай хэдий ч бугуйн цаггүй тохиолдолд тогтмол цаг харж, төлөвлөгөө гаргахад бэрх. Охид өглөө сэрээд, өрөөнд маань орж ирж, цаг хэд болж байгааг асуудаг байсан шүү. Гэхдээ бугуйн цагтай байснаар өглөө эрт босож чадахгүй. Бугуйн цаг сэрүүлэггүй шүү дээ. Би өөрөө ямар ч үед өглөөний 6 цагт сэрчихдэг. Ээж маань биднийг бага байхаас эрт босгоод сургачихсан юм. Манай гэр бүлийнхэн бүгд өглөө 6-н цагт босдог.

Нэвтрүүлгийн тухай яриагаа орхин Халиуны гэр бүл болоод, гэр бүлийн хүмүүжлийн талаарх яриагаа эхлүүлье. Халиун ам бүл хэдүүлээ вэ?

-Ам бүлийн тоо 5. Би ээж, гурван эрэгтэй дүүгийн хамтаар амьдардаг. Дүү нар минь хоорондоо зургаан насны зөрүүтэй.

Өглөө тогтмол зургаан цагт босох дадлыг суулгасан эх хүний хүүхдээ хүмүүжүүлэх арга барил сонирхол татаж байна.

– Эмээ маань бидэнд “Их унтах таатай зүйл биш. Эрдэм мэдлэгт шамдах нь ирээдүйд тустай” гэж байнга хэлдэг байсан. Эмээгийн хүмүүжил ээжийн хүмүүжилд тусгалаа олж, ээжийн хүмүүжил өнөөдрийн Халиуныг бүтээжээ. Эмээ маань ч, ээж маань ч хатуу хүмүүс. Тэр ч утгаараа бид хүмүүжилтэй өссөн гэж боддог. Тухайлбал, ээж маань биднийг 21 цагаас хойш гэрээс огт гаргадаггүй байсан. Энэ нь нэг талаас аюулгүй байдал, нөгөө талаас эрүүл мэндэд минь тустай байсан. 22 цагаас өмнө унтвал өсөлтийн даавар сайн ялгардаг гэхчлэн эерэг нөлөөлөл ихтэй байсан.

Халиун бол олон тэмцээн, уралдааны ялагч. Эдгээр ялалтууд зөвхөн загварын салбараар хязгаарлагддаггүй.

– Би математикт тун ч сонирхолтой нэгэн. Хүүхдүүд тоо бодохоороо нойрмоглодог шүү дээ. Харин би тоогоо бодож, хариуг нь гаргахгүй бол унтаж чаддаггүй хүүхэд байсан. Миний хувьд математик, монгол хэл, физикийн олимпиадуудын олон улс болоод хотын хэмжээний хэд хэдэн шагналтай.

Манлайлагч гэж хэн бэ? Халиун өөрийн манлайлах ур чадварыг хэрхэн үнэлэх вэ?

– Өөрөө бүх зүйлээ хийдэг бол тэр хүн манлайлагч биш. Харин бусдаар ажил хийлгэж чаддаг хүн бол тэр хүн жинхэнэ манлайлагч гэж боддог. Би 1-12-р анги хүртлээ ангийн дарга хийж байсан. Эхэндээ би өөрөө бүх зүйлийг хийдэг байсан. Хэсэг хугацааны дараагаар оновчтой хуваарилалт маш чухал гэдгийг ойлгож, ариун цэврийн дарга, салаан дарга нарыг томилсон. Би өөрийгөө ирээдүйн манлайлагч гэж хэлнэ. Ирээдүйн амжилттай манлайлагч байхын тулд өнөөдөр суралцаж байна.

Халиуны мэргэжил, сонирхол тун ч ялгаатай. Мэргэжлээ хэрхэн сонгосон вэ?

– Би энэ жил СЭЗИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгсөнө. 12-р ангиа төгсөхдөө маркетингийн менежер болно гэж төлөвлөж байсан юм. Учир нь энэ мэргэжил өдөр бүр шинэ мэдлэг, мэдээлэлтэй байхыг шаарддаг. Тэр ч утгаараа миний сонирхлыг ихэд татаж байсан. Сонгосон мэргэжлээ сайтар судлаад үзэхэд өсөх боломж дутмаг, хөрвөх чадамж муутай санагдсан учраас сонголтоо өөрчилсөн. Эдийн засагч бол манай сургуулийн бүх хичээлийг үздэг ганц мэргэжил юм. Эдийн засагч мэргэжлийг эзэмшсэнээр салбараа том зургаар харах боломжтой. Мөн хөврөх чадвар сайтай мэргэжил гэж харсан учраас сонгосон. Мэргэжлээ сонгохын тулд мэргэжлээ сайтар судлаад, давуу, сул талуудыг нь таних хэрэгтэй гэж боддог. Бас сонирхож буй сургуулийнхаа орчин, хөтөлбөрүүдтэй нь сайтар танилцах хэрэгтэй.

Нөхөрлөлийн үнэ цэнийг тодорхойлбол?

Миний хувьд найз нарынхаа зовлонг хуваалцаж, жаргалыг нь алсаас хардаг найз байхыг хичээдэг. Эмэгтэйчүүд бид нэг нэгэндээ ямар нэгэн байдлаар нөлөөлж байдаг. Тиймээс нөхөрлөлийн хүрээллээ зөв сонгох нь маш чухал гэж боддог.

Загвар өмсөж эхэлсэн цаг хугацаандаа эргэн очиж, дурсвал?

– Ахлах ангидаа сургуулийнхаа загварын тэмцээнд загвар зохион бүтээгч, загвар өмсөгчөөр оролцоод, тус бүрд нь алтан медаль хүртэж байлаа. Энэ тэмцээн загварын салбарт хөл тавих анхны алхам минь болсон юм. Тэмцээний дараахан манай сургууль дээр “Монгол костюмс” төвөөс загвар өмсөгч шалгаруулж авахаар хүмүүс ирж байлаа. Ингээд анх “Монгол костюмс” төвд монгол хувцасны загвар өмсөгч болж байсан. “Монгол Костюмс” төвд ороод удалгүй Манжуурын миссийн тэмцээнд оролцоод, “Шилдэг 10-н гоо бүсгүй”-д багтаж байлаа.

Загварын салбарт хөл тавьснаар ямар эерэг өөрчлөлт амьдралд тань бий болсон вэ?

– Загварын салбарт ажиллаж эхэлснээр гаднаа ч, дотроо ч сайхан байх ёстойг ухаарсан. Аль ч насны эмэгтэй хүн өөрийн давуу талаа таньж, үзэсгэлэн гоо байдлаа мэдэрч чадаагүй тохиолдолд өөртөө сэтгэл хангалуун бус амьдардаг юм шиг санагддаг. Загварын салбарт ажиллаж эхэлснээр би өөрийн давуу талыг таньж мэдсэн. Мөн би үнэхээр үзэсгэлэнтэй, сайхан охин гэдгээ маш сайн ойлгож авсан. Загварын салбарын мэдлэг, гоо зүйн хичээл эмэгтэй хүнд өөртөө итгэх итгэлийг бий болгож өгдөг. Энэ салбар надад эмэгтэй хүний үнэ цэнийг ойлгуулсан. Мөн загварын салбар маш өндөр шалгууртай салбар. Тиймээс би өөртөө илүү өндөр шаардлагыг тавих болсон.

Загвар өмсөгчийн ажлын онцлогийн үүднээс гадаад дүр төрх, гоо сайхнаа хэрхэн өнгөлдөг вэ?

– Амттан идэхгүй байх нууц аргаасаа хуваалцъя. Би аливаа нэг амттанг хараад тухайн амттанг идэж байсан дурсамжаа санадаг. Тэгээд би өөртөө “Идэж л байсан амттан. Чи амтыг нь мэдэж байгаа. Биед чинь хэрхэн нөлөөлөхийг нь санаж байгаа” гэж хэлдэг. Харин би амттанг шагнал болгож ашигладаг. Би үргэлж ажлаа төлөвлөн, жагсаалт гаргадаг. Жагсаалт дахь ажлууд маань долоо хоног эсвэл сарын төлөвлөгөө байдаг л даа. Жагсаалт дахь бүхий л ажлыг цагтаа хийж дуусгавал би өөрийгөө амттанаар шагнадаг. Загвар өмсөгч хүн биеийн тогтмол бэлтгэлтэй, эрүүл хооллолттой байх хэрэгтэй гэж боддог. Мөн загвар өмсөгчийн ажлаа хийгээгүй үедээ энгийн хувцаслаж, нүүрээ хөнгөн будахыг чухалчилдаг.

Хамгийн дурсамжтай загварын тайзыг онцлон дурдвал?

– Миний хувьд хамгийн дурсамжтай загварын тайз бол “Торго” загварын шоу. Энэ шоунд Монголд ажиллаж байгаа нийт загвар өмсөгчдөөс хамгийн шилдэг алхаатай 20-н загвар өмсөгчдийг шалгаруулж авдаг. Монголынхоо хамгийн шилдэг 20-н загвар өмсөгчийн тоонд багтаад, “Торго” загварын шоуны тайзан дээр алхаж байгаадаа өөрөөрөө маш их бахархаж байсан. Тэр тайз надад хэзээ ч мартагдахааргүй гайхалтай мэдрэмжийг өгсөн. Мөн “O Couture” брэндийн “Есөн-Эрдэнэ” загварын шоунд алхаж байснаа мартдаггүй.

Загвар өмсөгчийн ажил бол “товч” мэргэжил. Богино хугацаанд “гялалзах” хүчийг олж авч, оновчтой ашиглах нь маш чухал. Загварын салбар дахь таны цаашдын зорилго, төлөвлөгөө?

– Миний хувьд таны хэлсэн шиг маш богино хугацаанд гялалзсан тод амжилт гаргахыг хичээж байна. Загвар өмсөгч эгч нарынхаа богино хугацаанд гаргасан амжилтыг гаргахаас гадна тэдний гаргаагүй амжилтыг гаргахыг зорьж байгаа. Цаашдаа олон улсын хэмжээнд амжилт гаргахаар төлөвлөөд байгаа бөгөөд миний амжилт загвар өмсөгч дүү нарт маань гүүр болж өгөөсэй гэж хүсдэг. Миний эхний зорилго бол Миссийн тэмцээн. Миссийн тэмцээнд насны хязгаар заадаг бол бусад загварын тэмцээн, уралдаанд төдийлөн насны хязгаар заадаггүй. Тиймээс ч Миссийн тэмцээн бол миний хамгийн чухал эхний зорилго болоод байгаа. Миссийн тэмцээнд оролцоод монгол охидын гаргасан амжилтыг ахиулахыг зорих болно оо.