Цэцэг навч нахиалж, шинэ бүхний эхлэл болдог урин хаврын улирал айлчилж байна. Өвлийн зузаан куртканаасаа салж нимгэн, өнгөлөг, загварлаг хувцаслахдаа бэлэн үү? Хэрэв тийм бол загвар сонирхогч хэн бүхний шүүгээнд байх ёстой 2022 оны тренд болж буй 8 загварыг танилцуулъя.
1. Орчин үеийн ажил хэрэгч загварууд
2022 оны хавар зуны загварын шоун дээр зонхилж байсан нэгэн тренд бол орчин үеийн ажил хэрэгч загварууд байлаа. Сорочкон цамц, сул өмд, хэлхгэр загвартай пиджак зэрэг хэт албаны бус илүү чөлөөт маягийн загварууд энэ оны загварын чиг хандлагыг тодорхойлж байна. Орчин цагийн, загварын мэдрэмжтэй, хүчирхэг эмэгтэйг тодорхойлох уг загварыг Victoria Beckham, Peter Do’s, Matteau, Fendi зэрэг алдартай брэндүүдийн шинэ коллекциос харж болно.
2. Хурц өнгөний шийдэл
Тод өнгөнд дуртай юу? Тийм бол таны хүсэл сонирхолд нийцэх хурц тод өнгийн анхаарал татам загварууд энэ хаврын онцлох тренд болж байна. Дэлхийн алдартай брэндүүд болох Versace, Oscar de la Renta, Roksanda нар хаврын шинэ коллекцидоо улбар шар, улаан, ногоон, шар өнгийн тансаг загварын үдшийн гоёлууд болон коктейл даашинзуудыг багтаажээ. Үзэсгэлэнтэй, гал цогтой харагдуулах уг загваруудаас та сонирхоод үзээрэй. Хэрвээ тод өнгийн хувцас өмсдөггүй бол тод өнгийн аксессуар сонгож стильдээ шинэчлэлт хийж болох юм.
3. Чөлөөт өмд
Карентины үеэр бэлтгэлийн өмд моданд орсон үе саяхан. Тэгвэл үүнээс сэдэл авсан спортлог, чөлөөт загварын өмднүүд энэ хаврын голлох нэгэн тренд болох нь. Доор суудалтай, сул загвартай, биед эвтэйхэн загварууд Etro болон Valentino брэндийн шоунууд дээр зонхилсон бол Tom Ford-ын өнгө өнгийн торгомсог материалтай тансаг загваруудыг загвар өмсөгч Soo Joo, жүжигчин Zendaya нар амилуулж харагдсан.
4. 60-аад оны Мини загвар
Италийн алдарт Pradа, Versace, Fendi брэндүүдийн 2022 оны гол түлхүүр загваруудын нэг бол яах аргагүй богино загвартай юбка, даашинзууд байлаа. 1960-аад оны тренд болох мини загварууд ийнхүү энэ онд эргэн ирээд байна. Урин дулаан цаг ирж буй энэ үед загварын тайзыг чимж буй мини трендийг туршиж, хөлөө гайхуулаарай бүсгүйчүүдээ!
5. Нэхмэл даашинз
2022 оны тренд болох нэхмэл даашинз нь чөлөөт, элегант, минимал зэрэг олон стильд хувиргаж болдгоороо давуу талтай. Chloé, Khaite, Gabriela Hearst зэрэг тансаг загварын брэндүүд газар шүргэсэн урт нэхмэл даашинзуудыг шинэ коллекцидоо багтаажээ. Минимал стилиэр хувцаслах дуртай бол завсрын зөөлөн өнгөтэй даашинз, харин тод өнгөнд дурлагсад энэ жилийн тренд болох өнгөлөг загваруудаас сонгоорой.
6. Макси юбка
Бүсгүйчүүдийн дуртай загваруудын нэг бол яах аргагүй макси юбка байдаг. Эмэгтэйлэг бөгөөд элегант харагдуулах уг загвар 2022 оны хавар зуны бас нэгэн тренд болж байна. Унасан материалтай, урт юбканыхаа дээгүүр богино кроп топ өмсөж сахилгагүй секси дүр төрх, бариу цамцтай хослуулан орчин үеийн элегант стиль, пиджактай хослуулан ажил хэрэгч дэгжин дүр төрхийг тус тус бүрдүүлж болох юм.
7. Бараг л нүцгэн
1990-ээд онд хүчийг авч байсан NAKED буюу нүцгэн тренд сүүлийн жилүүдэд эргэн ирсэн билээ. Гэрэлтдэг материал, биеийн хэсгүүд ил гарсан ухлаадастай загварууд гэх мэт бараг л нүцгэн мэт харагдуулах уг секси загварууд энэ зун ноёрхох нь.
8. Преппи стиль
Преппи буюу сургуулийн дүрэмт хувцаслалтаас санаа авсан дэгжин стиль 2022 оны хавар зуны загварын чиг хандлагыг тодорхойлж байна. Ялангуяа Miu Miu брэндийн 2022 оны хавар зуны шинэ коллекци тэр чигтээ уг трендийг онцолсон нь анхаарал татаж байсан. Мөн Moschino, Dior зэрэг томоохон брэндүүд өөрсдийн онцлогийг шингээсэн Преппи загваруудыг гаргажээ.