Хахир хүйтэн өвлийн улирал дуусаж урин дулаан цаг ирлээ. Хуурай уур амьсгал, хүйтэн салхи, агаарын бохирдол гээд л өвлийн улиралд арьсыг стрессдүүлэх зүйлс мундахгүй. Арьс ихээр хуурайшдаг энэ үед аль болох арьсаа сайн чийгшүүлж хамгаалах хэрэгтэй байдаг бол цаг агаар дулаарч эхлэх үед арьсны асуудлууд өөрчлөгдөж дагаад хэрэглэдэг бүтээгдэхүүнүүдээ ч өөрчлөх шаардлагатай болдог. Тэгвэл улирал солигдох үед арьс арчилгаандаа ямар өөрчлөлтүүд хийх хэрэгтэй талаар хуваалцъя.
Хөнгөн чийгшүүлэгч сонгох
Эрс тэс, хуурай уур амьсгалтай Монголын нөхцөлд арьс чийгээ алдаж, усгүйжиж, хуурайших нь түгээмэл байдаг. Тийм ч учраас хүйтний улиралд бид арьсны чийгшлийг нь түгжиж өгөх өтгөн тос түрхдэг. Харин цаг агаар дулаарч хаврын улирал эхлэх үед тосоо сольж хөнгөн хирнээ хангалттай чийгшил өгөх тос сонгох нь чухал юм.
Эмзэгшил багасгах
Агаарын хэм нэмэгдэж, наранд удаан хугацаагаар байх нь арьсны үрэвслийг сэдрээх талтай. Тиймээс хаврын улиралд хүмүүсийн арьс эмзэгших, улайх, үрэвсэх нь ихэсдэг. Энэ бүхнээс сэргийлэхийн тулд арьсандаа хангалттай усан чийг өгч, арьсны бүрхүүлээ хамгаалан, эмзэгшлийг нь багасгах хэрэгтэй. Ялангуяа маск зүүх нь арьсыг бүр ч их эмзэгшүүлж, гэмтээдэг тул зөөлөн чанарын бүтээгдэхүүнүүд хэрэглэх нь зөв юм.
Нарнаас хамгаалах
Арьсыг хамгийн их хөгшрүүлдэг зүйл нар гэдгийг мэдэх үү?
Жилийн 4 улиралд бидний өдөр бүр хэрэглэх ёстой, хамгийн чухал гоо сайхны бүтээгдэхүүн бол нарны тос юм. Нарны тос нь арьсыг нарны хорт туяанаас хамгаалаад зогсохгүй арьсны хөгшрөлтийг удаашруулж, нөсөө толбо үүсэхээс сэргийлэн, арьсны хорт хавдраас мөн сэргийлдэг. Химийн болон минерал нарны тос гэж 2 төрөл байдаг ба эмзэг арьстай хүмүүст минерал нарны тос илүү тохиромжтой. Гэрээсээ гарахгүй үедээ ч нарны тосыг өдөр бүр түрхэж заншаарай.
Гүн цэвэрлэх
Гадаа дулаарах үед арьсны тослог ялгаруулалт мөн нэмэгддэг. Хуурай арьстай хүмүүсийн хувьд энэ нь толигор, гялалзсан арьстай байх завшаан болдог бол тослог, холимог арьстай хүмүүсийн хувьд арьсных нь нүх сүв бөглөрч, батга гарах шалтгаан болдог. Тослог, батга гарамтгай арьстай хүмүүст арьсны илүүдэл тослог бохирдлыг нь шингээж, цэвэрлэдэг шавран маск хамгийн их хэрэг болдог. Ийм арьстай хүмүүс 7 хоногтоо 1-2 удаа шавран маск хэрэглэж занших хэрэгтэй.
Хүзүүгээ арчлах
Эцэст нь хэлэхэд нүүрэндээ түрхэж байгаа бүх бүтээгдэхүүнүүдээ хүзүү цээжний хэсэгтээ түрхэх хэрэгтэй. Урин дулаан цаг ирж хүмүүс хүзүү энгэр хэсгээ ил гаргадаг учир тухайн хэсгийн арьсаа арчилж нарны тос түрхэж хамгаалах нь маш чухал гэдгийг сануулъя.