Энэ зун өнгөлөг, эрч хүчтэй, шинэлэг загварууд эрчүүдийн загварын чиг хандлагыг тодорхойлж байна. Чөлөөт загварын хослолуудаас эхлээд тод өнгийн сайкеделик принт, юбка, цээж нүцгэн явах зэрэг маш сонирхолтой трендүүдийг Prada, Dior , Loewe зэрэг алдартай брэндүүдийн 2022 оны хавар/зуны загварын шоунуудаас харж болно.
Онгорхой загварууд
2022 оны загварын шоун дээр зонхилж байсан энэ зуны халуухан тренд бол яах аргагүй энд тэндээ онгорхой, ухлаадастай загварууд юм. Уг сонирхолтой загварыг Courrèges, Rick Owens, Y/Project зэрэг алдартай брэндүүдийн загварын шоун дээрээс харж болно.
Ноосон хантааз
Энэ жилийн бас нэгэн тренд бол ноосон хантааз юм. Хошуу захтай болон дугуй захтай, янз бүрийн сонирхолтой принт бүхий загварлаг хантаазууд Prada, Dior , Erdem, Etro загварын тайзан дээр зонхилж байсан.
Шорт уу … юбка юу?
Юбка зөвхөн бүсгүйчүүдийн гоёл байхаа больжээ. Loewe болон Phipps брэндүүд эрчүүдэд зориулсан урт юбка гаргасан бол Prada-гийн шоу дээр богино загварын юбкатай шорт өмссөн залуучууд алхалж байлаа.
Кардиган цамц
Энэ хавар хуучны ретро загвартай өнгө өнгийн кардиган цамц тренд болж байна. Acne Studios, Erdem, Jil Sander брэндүүд шаргал, ягаан, тоорын өнгө зэрэг эмэгтэйлэг ч гэмээр зөөлөн өнгөтэй загварууд гаргажээ. Кардиган нь урт тусмаа загварлаг харагдана гэдгийг санаарай.
Нүцгэн цээж
Энэ зуны нэгэн сонирхолтой тренд бол цээжээ ил гаргах юм. Испани загвар зохион бүтээгч Alled-Martinez моделиуддаа цамц өмсгөх бус биеэр нь ороохыг илүүд үзсэн бол Dolce & Gabbana-гийн шоу дээр цээж нүцгэн залуучууд тайзыг эзэгнэж байсан юм.
Оффисын амьдрал
2022 онд загварын ертөнцөд эрэгтэй эмэгтэй хослолууд болон оффис хувцаслалт моданд ороод байгаа. Ялангуяа хэт албаны бус чөлөөт загварын, тод өнгөтэй, өвөрмөц принттэй эсвэл хэлхгэр сул загварууд тун дэгжин харагдах болно.
Сайкеделик принт
Сүүлийн жилүүдэд сайкеделик принт тренд болж байгаа билээ. Энэ зун ч мөн хурц өнгийн толгой эргэм принттэй загварууд зонхилох нь. Неон ногоон, ягаан цэнхэр, тод цэнхэр загварууд JW Anderson, Louis Vuitton, Loewe загварын шоунуудад тодхон харагдаж байсан.
Ягаанаар сэтгэ
2022 оны хавар зуны загварын шоунуудад тод, бүдэг, пастель, неон ягаан өнгүүд түгээмэл ажиглагдаж байсан. Ami, Louis Vuitton, GmbH брэндүүд эрчүүдэд зориулсан дэгжин ягаан хослолууд болон чөлөөт загварын цамц өмдийг гаргасан байна.