Загварын салбарын чухал арга хэмжээнүүдийн нэг болох 2022 оны намар өвлийн загварын 7 хоног саяхан болж өнгөрсөн билээ. Уг загварын шоуны үеэр загвар өмсөгчдийн хөмсгийг цайруулахаас эхлээд, смоки будалт, нүүр дүүрэн шигтгээн чимэглэл, нойтон эффекттэй үс зэрэг олон сонирхолтой трендүүд харагдаж байсан. Тэгвэл уг загварын шоунуудаас хамгийн их анхаарал татсан, сонирхолтой 8 гоо сайхны трендээс хуваалцъя.
Цайруулсан хөмсөг
2022 оны намар өвлийн загварын шоунууд дээр цайруулж будсан хөмсөг тренд болж байна. Харь гаригийн ч гэмээр харагдах уг хурц шийдлийг Versace брэнд хар смоки будалттай хослуулсан бол Burberry , Richard Quinn брэндүүд илүү байгалийн, будаагүй мэт дүр төрхтэй хослуулжээ.
Металлик акцент
Металлик өнгө загварын тайзыг эзэгнэсэн хэвээр… Gucci брэндийн 2022 оны намар өвлийн шоун дээрх мөнгөлөг, ногоон металлик нүдний будалтууд нь хараа булаам байсан. Үүнээс гадна Ambush болон Dior брэндүүд металлик будалтаар моделиудаа гоёсон бол Fendi , Chanel брэндүүдийн хувьд металлик үсний гоёлыг сонгожээ.
Сүлжээс
Энэ улирлын онцлох нэгэн тренд бол сүлжсэн үс байв. Янз бүрээр сүлжсэн үстэй, өвөрмөц дүр төрхийг Collina Strada, Schiaparelli, Dior брэндүүдийн шоунуудаас харж болно. Энэ дундаас Schiaparelli-гийн толгой дээрээ өргөстэй, панк стилийн дүр төрх нүдэнд тусаж байлаа.
Нүүрний гоёл
2022 оны намар өвлийн шоун дээр ажиглагдсан өвөрмөц тренд бол моделиудын нүүрэн дээр наасан шигтгээн чимэглэлүүд байлаа. Connor Ive-ийн өнгө өнгийн шигтгээ, Burberry, McGrath брэндүүдийн шоу дээрх гялалзсан нүүрний гоёлууд нүүр будалтыг орлосон нь их сонирхолтой шийдэл болжээ.
Улаан уруул
Таныг хэзээд гайхалтай харагдуулах сонгодог будалт бол улаанаар уруулаа будах билээ. Улаан өнгө нь дотроо олон төрөл байдаг бөгөөд арьсны өнгөндөө тохируулан дулаан эсвэл хүйтэн суурьтай улааныг сонгоорой. Мөн ингэж будсан үедээ өөртөө итгэлтэй байх нь хамгийн чухал. Khaite, Tory Burch, Marni брэндүүд энэ улирлын шоундаа улаан уруулын будгийг онцолжээ.
Тод нүдний будалт
Сүүлийн жилүүдэд тод өнгийн нүдний хүрээлэгч тренд болоод байсан бол энэ жилээс тод өнгийн тениэр будах моданд орж байна. Энэ оны намар өвлийн загварын шоунд Valentino тод ягаан өнгийг сонгосон бол Saint Laurent цэнхэр өнгөөр гоёмсог будалтуудыг хийжээ.
Нойтон эффект
Дөнгөж уснаас гарч ирсэн мэт нойтон үс энэ жилийн Peter Do, Altuzarra, Fendi брэндүүдийн загварын шоунуудыг чимж байлаа. Үүнээс гадна өнгөлөгчөөр өнгөлсөн мэт гялгар үстэй дүр төрхүүд мөн түгээмэл харагдаж байсан.
Смоки будалт
Нью Йоркийн шөнийн амьдралаас санаа авсан бараан, смоки будалтууд загварын тайзыг ноёрхож байна. Eckhaus Latta, Collina Strada брэндүүд загварын шоу дээрээ шөнөжин бүжиглээд будаг нь урсчихсан мэт хар смоки будалт хийсэн бол Gucci болон Blumarine брэндүүд хар уруулын будгийг онцолжээ.