Дасгал хөдөлгөөн ямар чухал вэ гэдгийг бид өнгөрсөн 2 жилийн хугацаанд цар тахлын үеэр бие сэтгэлээрээ мэдэрсэн билээ. Урин дулаан цаг ирж байгаа энэ үед та ямар төрлийн дасгал хийхээ хараахан шийдээгүй бол бие галбиржуулан, сэтгэл санааг тайвшруулах Йог эсвэл Пилатесаар хичээллэхийг санал болгож байна.
Йог болон Пилатес нь бие галбиржуулах, булчин чангалах, стресс тайлах, уян хатан байдлыг сайжруулах зэрэг олон төрлийн ач тустай. Аль аль нь амьсгал дээрээ төвлөрч, хурдаа хянаж дасгал хийдэг учир төстэй санагдаж магадгүй ч гол цөм нь тэс өөр, хоорондоо ямар ч хамааралгүй дасгалууд юм.
Тэгвэл Йог гэж юу вэ?
Йог нь оюун санаа, сэтгэл зүй болон бие махбодийг нэгтгэх зорилготой эртний Энэтхэгээс гаралтай дасгал юм. Өдөр тутмын амьдралынхаа нэгэн хэсэг болгосноор ёс суртахуун, сахилга баттай байдлыг сурч, сэтгэл санааны байдал мөн тайван амгалан болдог давуу талтай.
Пилатес гэж юу вэ?
Пилатесийн хувьд булчин чангалах, биеэ удирдаж сурах ба хэвлий хэсэг дээр илүү төвлөрч дасгал хийдэг. Жозеф Пилатес хэмээх Герман гаралтай анатомич уг дасгалыг 20-р зууны эхээр биеийн тэнцвэр, хүч, уян хатан байдлыг нэмэгдүүлэх зорилгоор зохиож байсан түүхтэй. Йогоос хамгийн том ялгарах онцлог нь Пилатесыг зориулалтын дасгалын төхөөрөмж дээр хийдэг.
Аль нь илүү хурдан хугацаанд үр дүн үзүүлэх вэ?
Йог болон Пилатесын аль аль нь байнга ашиглагдаад байдаггүй биеийн булчингуудыг ажиллуулдаг учир туршлагатай гүйлтийн тамирчин ч эдгээрээр хичээллэсний дараа шаталтыг мэдэрдэг. Ер нь ямар ч дасгалыг олон хийх тусмаа л хурдан үр дүн харагдаж эхэлнэ. Бас дасгалаа хэрхэн хийж байгаа нь их чухал.
Тухайлбал, Пилатесын хувьд тодорхой булчингууд дээр төвлөрсөн дасгалуудыг зөв байрлалтай хийснээр үр дүн гардаг. Мөн туршлагатай Пилатесын багшаар ганцаарчлан заалгуулж, чиглэл авч хийвэл илүү үр дүнд хүрнэ. Харин Йогийг олуулаа хамт хийвэл илүү тайвширч, илааршиж буй мэдрэмж авдаг. Тийм ч учраас Йогийг заалнаас гадна гэртээ гэр бүлийнхэнтэйгээ хамт хийх боломжтой.
Аль нь сэтгэл зүйд илүү нөлөөлдөг вэ?
Йогийн хувьд хамгийн энгийн зогсолтууд нь ч бясалгал шиг тухайн цаг мөчдөө төвлөрөхийг шаарддаг. Дасгал бүрийнхээ эхэнд ямар нэгэн зорилт тавьж, бусадтай холбогдон зэрэг амьсгалж, хамтдаа дасгалаа хийх нь биеийг ариусгаж байгаа мэдрэмж төрүүлдэг байна. Нөгөөтэйгүүр Пилатес нь оюун санаанд зориулсан дасгал биш боловч амьсгал дээрээ төвлөрөх, бүх биеэ мэдрэхийн тулд анхаарлаа тухайн мөчдөө төвлөрүүлэх зэрэг нь тодорхой хэмжээний бясалгал болж өгдөг.
Аль нь танд тохирох сонголт вэ?
Маш олон төрлийн Йогийн дасгал байдаг. Ихэнх нь Йогийн үндсэн зогсолтоос улбаатай бөгөөд тайвшруулах дасгалуудаас эхлээд биеийн хүч шаардах зогсолтуудыг хийдэг. Тухайлбал, стрессээс ангижирмаар байвал нөхөн сэргээх дасгал, илүү хөлсөө гаргах дасгал хийе гэвэл Виниясаг сонгож болно. Харин Пилатесын хувьд арай цөөхөн сонголттой. Сонгодог Пилатес болон илүү идэвхтэй хөдөлгөөнөөр биеийн галбир засах ангиуд байдаг. Эцэст нь хэлэхэд та өөрийн дасгалын хэв маягт тохируулан ямар үр дүн хүсэж байгаагаасаа шалтгаалан сонголтоо хийх нь зүйтэй.