Хөгжмийн ертөнцийн хамгийн том арга хэмжээ болох 64 дэх удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслол анх удаа Лас Вегас хотын “MGM Grand Garden Arena”-д болж өнгөрлөө. Энэ жилийн Грэммийн наадмаар дуучин Оливия Родриго шинэ гарч ирж буй уран бүтээлч, дуучин Бруно Марс, реппер Андерсон Пак нарын хамртан байгуулсан “Silk Sonic” хамтлаг шилдэг рекорд болон шилдэг дууны шагнал, Жон Батисте шилдэг цомгийн шагналыг тус тус авчээ.
Загварын хувьд Грэммийн наадмын бусад улаан хивсний ёслолоос ялгарах онцлог нь ямар ч дресс код буюу хувцаслах дүрэм үйлчилдэггүй. Тиймээс улаан хивсний ёслолд хүрэлцэн ирж буй одууд хүссэнээрээ хувцаслаж өөрсдийгөө ямар ч байдлаар илэрхийлэх боломжтой.
Энэ жилийн хувьд өвөрмөц хувцаслалтаараа олныг алмайруулсаар ирсэн дуучин Lady Gaga маш даруухан, минимал стилийн Armani Privé-гийн даашинз болон Tiffany & Co брэндийн тансаг гоёлыг сонгожээ. Харин хөгжмийн ертөнцөд ид эрчээ аваад буй дуучин Dua Lipa Atelier Versace-ийн 1992 онд анх гаргаж байсан винтеж загварын гинжин тоноглолтой даашинз өмссөн бол Lil Nas X Balmain-ы сувдан хатгамал бүхий Барок стилийн дэгжин цагаан хослолыг сонгон өмссөн байна. Ингээд энэ жилийн улаан хивсний ёслолд хүрэлцэн ирсэн алдартнуудын шилдэг хувцаслалтаас хуваалцъя.