94 дэх удаагийн Оскарын кино наадам Лос Анжелесын Долби театрт сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн болж өнгөрлөө. Тухайлбал, жүжигчин Уилл Смит анхны Оскараа авсан боловч хошин шогийн жүжигчин Крис Рокын элэглэлд уурлаж, тайзан дээр алгадсан явдал нь багагүй шүүмжлэлд өртсөн билээ. Харин жүжигчин Ариана Дебос “West Side Story” киноныхоо туслах дүрээр Оскарын шагнал хүртсэн анхны LGBTQ өнгөт арьст эмэгтэй болсон юм. Мөн Жейн Кэмпион “The Power of the Dog” киногоороо шилдэг найруулагчийн шагналыг авсан Оскарын түүхэн дэх 3 дахь эмэгтэй найруулагч болжээ. Түүнчлэн Gen Z үеийн төлөөлөл болсон дуучин Билли Айлиш шилдэг дууны шагналыг авч, 2000 оноос хойш төрсөн анхны Оскарын эзэн болсон бол жүжигчин Жессика Честейн “The Eyes of Tammy Faye” киноныхоо гол дүрээр шилдэг эмэгтэй жүжигчний шагнал авч LGBTQ эрх, ялгаварлан гадуурхалтын талаар олны сэтгэлд хүрсэн гайхалтай илтгэлийг тавьсан юм.
Үүнээс гадна Холливудын алдартнууд Оскарын кино наадмын улаан хивсний ёслолдоо дэлхийн томоохон загварын ордуудын урласан нүд унагам загваруудаар гоёсон байв. Ингээд улаан хивсэн дээрх шилдэг хувцаслалтуудаас хуваалцъя.
Зендаяа / Valentino
Жүжигчин Зендаяагийн стилистээр олон жил ажиллаж буй Ло Роуч энэ удаад түүнд зориулж Valentino-гийн гоёмсог загварыг сонгожээ. Богино загварын торгомсог цагаан цамц дээр гялтганасан урт мөнгөлөг юбка, чамин загварын алмаазан гоёл зүүсэн нь түүнийг үнэхээр үзэсгэлэнтэй харагдуулж байлаа.
Зое Кравиц / Saint Laurent
“The Batman” киноны од Зое Кравиц нь Saint Laurent-ийн бүдэг ягаан өнгийн тансаг загварын даашинзыг сонгон өмсжээ. Түүний дээшээ шуусан үс, богино чёлк, элегант стиль нь 1960-аад оны Холливудын кино од Одри Хепбернийг санагдуулж байлаа.
Ума Турман / Bottega Veneta
“Kill Bill” киногоороо дэлхийд танигдсан чадварлаг жүжигчин бол Ума Турман. Тэрээр энэ удаагийн Оскарт ирэхдээ Bottega Veneta брэндийн сонгодог хар цагаан өнгийн цамц юбканы хослолыг сонгожээ. Урт хар торгомсог юбка дээр цагаан өнгийн сорочкон цамц өмссөн нь энгийн хирнээ тансаг харагдаж байлаа. Мөн Cartier брэндийн чамин бөгжнүүдээр гоёжээ.
Люпита Нионго / Prada
Одоогоос 8 жилийн өмнө тэрээр Prada брэндийн усан цэнхэр өнгийн гоёмсог даашинзтайгаа Оскарын эзэн болж байсан түүхтэй. Харин энэ Оскарт стилист Микаэла Эрлангерийн сонгосон Prada брэндийн гялтганасан алтлаг даашинзыг өмсжээ.
Билли Айлиш / Gucci
Оскарын наадмын шилдэг дууны эзэн болсон Билли Айлиш авьяаслаг дуучнаас гадна загварын хамелеон гэж хэлж болно. Түрүү жил стилиэ эрс өөрчлөн Холливуд гламур буюу эмэгтэйлэг бие галбираа тодотгосон хувцаслалттай гарч ирсэн бол энэ удаад Gucci брэндийн авант-гарде загварын даашинзаар гоёсон байна.
Лили Жеймс /Atelier Versace
“Pam & Tommy” цувралд 1990-ээд оны бомбшель Памела Андерсоны дүрийг бүтээсэн жүжигчин Лили Жеймс улаан хивсний ёслолд Atelier Versace-ийн урт оноотой, зөөлөн ягаан өнгийн гоёмсог хатгамалтай даашинзыг өмсжээ. Түүний стилистээр Ребекка Корбин-Мюррей ажилласан байна.
Кристен Стюарт / Chanel
Хамгийн сүүлд Диана гүнжийн дүрийг “Spencer” кинонд бүтээсэн жүжигчин Кристен Стюарт Chanel брэндийн сонгодог загварын шорттой хослолыг өмсжээ. Түүний стилистиэр олон жил ажиллаж буй Тара Свеннен хэлэхдээ уг хослол нь Chanel-ийн хувьд анх удаа түүнд тусгайлан зориулж хийсэн хувцас учир их онцгой загвар болсон гэжээ.
Николь Кидман / Armani Prive
Австрали гаралтай алдартай кино од Николь Кидман энэ удаагийн Оскарт Armani Privé-гийн тансаг загварын даашинзыг сонгон өмссөн байна. Armani брэндийн гол онцлог бол завсрын зөөлөн өнгүүд болон минимал стиль нь байдаг билээ. Харин Николь Кидман цэнхэр өнгийн даашинз өмсөхийг хүсэхэд нь Armani мөсөн цэнхэр өнгөтэй ч юм шиг, эсвэл цэнхэр туяатай саарал ч гэмээр завсрын өнгөөр зөвхөн түүнд зориулсан гоёмсог даашинзыг урлажээ.
Жессика Честейн / Gucci
Оскарт 3 дахь удаагаа нэр дэвшээд буй үзэсгэлэнт жүжигчин Жессика Честейн 2 өнгөнөөс бүрдсэн, гялалзсан материалтай Gucci брэндийн биеийн галбир тодотгосон даашинз өмссөн нь түүнийг үнэхээр эрхэмсэг харагдуулж байлаа. Түүнчлэн тус брэндийн тансаг загварын алмаазан ээмэг болон бугуйвч бөгжний хослолыг зүүсэн байв.