Урин дулаан цаг ирж хувцасны шүүгээгээ цэгцлэн шинэчлэх цаг болжээ. Тэгвэл хаврын цэвэрлэгээ хийхээс тань өмнө 2022 оны хавар/зун ямар загварын гутлууд тренд болж буйг танилцуулъя. Энэ жилийн хувьд өнгөлөг өндөр өсгийтүүдээс эхлээд 90-ээд оны платформ ултай гутал, спортлог пүүзнүүд болон гладиатор сандаалууд загварын чиг хандлагыг тодорхойлж байна.
Тод өнгийн өсгийт
Энэ зуны хамгийн том тренд бол хурц тод өнгө гэдгийг загвар сонирхогчид мэдэж байгаа байх аа. Тэгвэл энэ зун тод ягаан, ногоон, цэнхэр өнгийн өсгийтэй гутлуудаас сонгож гутлын шүүгээндээ заавал нэмээрэй. Таны хувцаслалтыг илүү өнгөлөг бас загварлаг харагдуулах болно.
“Клог” загварууд
Дээрээ олон нүхтэй, царай муутай клог нэртэй углаашийг санаж байгаа биз дээ. Тэгвэл үүнтэй адил хэлбэртэй урд талаараа битүү, ард тал нь онгорхой, зузаан ултай гутал энэ зуны нэгэн тренд болоод байна. Бохемиан стилийг тодорхойлогч клог загвар нь цайвар өнгийн жийнс болон А хэлбэрийн богино даашинз, юбкатай гайхалтай зохицно.
Спортлог сандаал
Зузаан ултай, спортлог загварын сандаал энэ зуны бас нэгэн онцлох загвар юм. Хөлд эвтэйхэн уг загварыг зуны даавуун даашинз дээр эсвэл чөлөөт загварын сул жийнстэй хослуулж өмсөөрэй.
Гладиатор сандаал
Охид бүсгүйчүүдийн хамгийн дуртай загваруудын нэг бол нарийхан оломтой Гладиатор загварын сандаал юм. Зуны нэхмэл даашинз эсвэл жийнсэн шорттой хослуулж бохо дүр төрх бүрдүүлээрэй.
90-ээд оны пүүз
90-ээд онд ид моданд орж байсан ретро стилийн спортлог пүүзнүүд тренд болсоор байна. Уг загварууд нь ямар ч хувцаслалтыг илүү орчин үеийн харагдуулдаг бөгөөд “Boyfriend”загварын жийнс эсвэл ажил хэрэгч хослолтой өмсөж хэт албаны бус “Business casual” стилиэр хувцаслаарай.
Платформ ултай гутал
90-ээд оны тренд загвар болох платформ өсгийтэй гутал эргэн ирлээ. Уг загварыг трапецэн өмдтэй хослуулж өмсвөл хөлийн өөг далдалж, нарийхан урт хөлтэй харагдуулдаг давуу талтай.