Загварын ертөнцийн хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг бол яах аргагүй “Мет Гала” юм. Жил бүрийн 5 сарын эхний 1 дэх өдөр зохион байгуулагдсаар ирсэн уг арга хэмжээ нь 2020 онд цар тахлаас шалтгаалж хийгдээгүй бөгөөд 2021 онд хугацаанаасаа хойшлогдож 9 сард болж өнгөрсөн билээ. Харин энэ жилээс эргэн хэвэндээ орж товлогдсон хугацаандаа амжилттай болж өнгөрч байна.
Мет Гала бол “Vogue” сэтгүүлээс жил бүр зохион байгуулдаг Нью Йорк хотын Метрополитан урлагийн музейд зориулсан хандивын арга хэмжээ бөгөөд үүнд хамгийн алдартай А листийн одууд, шинэ залуу уран бүтээлчид болон загварын салбарын нөлөө бүхий эрхмүүд уригдан очдог.
Зохион байгуулагчдын зүгээс жил бүр онцгой сэдэв өгдөг ба уригдсан зочид нь тухайн сэдвийн дагуу хувцасладаг уламжлалтай. Тийм ч учраас загвар зохион бүтээгчдийн хувьд уг арга хэмжээ нь өөрсдийн гайхалтай ур чадвар, уран сэтгэмжээр сэдвийн дагуу хүссэн загвараа урлаж, олны танил одуудаар дамжуулан бүтээлч байдлаа харуулах боломж байдаг.
Энэ жилийн сэдэв нь 19-р зууны сүүл үеийн Америкийн загварын түүхээс сэдэвлэж “Gilded Glamour” ёслолын хувцас бэлдэх байсан ба жүжигчин Блейк Лайвли, Райан Рейнольдс, Режина Кинг, Лин-Мануэль Миранда нар хамтран зохион байгуулагчаар ажиллажээ. Харин загвар зохион бүтээгчид болон одууд маань даалгавраа хэрхэн биелүүлсэн бол?