Дэлхийн алдарт Chanel брэндийн 2023 оны Cruise шоу Монте Карлогийн далайн эрэгт болж өнгөрлөө. Брэндийн бүтээлч захирал Виржини Виар энэ удаагийн коллекцио дэлхийн номер 1 уралдаан “Формула-1”-с сэдэл авч бүтээсэн байна. Уг загварын шоунд Өмнөд Солонгос улсын реппер G-Dragon, Монакогийн гүнж Каролина зэрэг эрхэм хүндтэй олон зочид иржээ. Ингээд загварын шоуны талаарх сонирхолтой баримтуудыг хүргэе.
Тоо бүхэн утгатай
Бэлгэ тэмдэг, орд, тоо зэрэг нь Chanel брэндтэй салшгүй холбогдсоор ирсэн. Учир нь брэндийн үүсгэн байгуулагч Коко Шанель мухар сүсэгт итгэдэг нэгэн байсан ба өөрийгөө хамгаалах сахиуснуудыг байнга авч явдаг байжээ. Тэрээр Арслангийн орд буюу зурхайн 5 дахь ордод төрсөн учир хамгийн алдартай үнэртэй усаа “Chanel No.5” хэмээн нэрлэж байсан түүхтэй. Мөн энэ удаагийн Сruise шоу 2022 оны 5 сарын 5-нд болсон нь мөн ийм утга учиртай байжээ. Үүнээс гадна саяхан “Сhanel 22” цүнх нь худалдаанд гарч маш эрэлттэй байгаа гэнэ.
Уралдаанаас сэдэл авсан цуглуулга
G-Dragon, Кристен Стюарт, Ванесса Паради, Тилда Свинтон, София Коппола зэрэг алдартнуудаас эхлээд нийт 400 зочин Monte-Carlo Beach буудлын гадаах шоунд хүрэлцэн иржээ. Шинэ цуглуулгад Формула-1 уралдааных шиг өмсгөлүүд, теннисний хувцас, зуны даашинзууд, барианы туг шиг шоотой принт, металлик өмд, чамин твид хүрмүүд зонхилж байлаа.
Аксессуар маш чухал
Энэ удаагийн “Chanel Cruise 2023” цуглуулга нь торон бээлийнээс эхлээд л бяцхан цүнхэн кулонтой хүзүүний зүүлт, саравчтай малгай, дуулга, алтлаг болон тод өнгийн гоёл чимэглэл, бугуйвч, бүс зэрэг олон төрлийн аксессуаруудыг оруулж гол деталиа болгосон байв.
Карлыг эргэн дурсахуй
Шоуны дараа уригдсан зочид “Maybourne Riviera” буудлын ресторанд өдрийн хоолонд орж, орой нь харин “Villa La Vigie”-д нар жаргах үед оройн зоог барьжээ. Энэ нь Францын Ривьерт байрлах 1900-аад онд баригдсан эртний харш бөгөөд нэгэн цагт Карл Лагерфелдын гэр байсан юм. Карл 1988-c 1990-ээд оны сүүл хүртэл уг үзэсгэлэнтэй харшийг цэцэрлэгт хүрээлэнтэй нь хамт түрээсэлж байжээ.