Урин дулаан цаг ирж хуримын улирал тун удахгүй эхлэх гэж байна. Сүйт бүсгүйчүүд маань ч хуримын өдрөө сэтгэл догдлон тэсэн ядан хүлээж байгаа байх. Тэгвэл энэ зун эсвэл ирэх жил хуримаа хийхээр төлөвлөж байгаа бүсгүйчүүддээ 2022/2023 онд тренд болж буй хуримын даашинзын загваруудаас танилцуулъя.
1. Хөвсгөр ханцуй
Белла Хадидын “Off-White” брэндийн 2022 оны шоунд өмссөн унасан мөртэй, хөвсгөр том ханцуйтай хуримын даашинзыг санаж байна уу? Яг ийм л драматик загвар энэ жилийн тренд болоод байна. Загвар зохион бүтээгчид уг элементийг 2023 оны шинэ загварууддаа ч түгээмэл ашиглаж байгаа. Хэрвээ та нүд булаам, хээнцэр, сүртэй даашинз өмсөхийг хүсвэл хөвсгөр мөртэй даашинзыг сонгоорой гэж зөвлөе.
2. Биеэ гайхуулъя
Гэрэлтдэг материалтай, эсвэл биеийн аль нэг хэсгээ ил гаргасан хувцас хаа сайгүй л моданд орж байна. Загварын тайзан дээр ч, гудамжинд ч , хурим дээр ч тэр шүү. Гэрэлтсэн нимгэн материал, урт оноо, биеийн аль нэг хэсэг ил гарсан ухлаадастай хуримын даашинз энэ жил сүйт бүсгүйчүүдийн халуухан сонголт байх нь.
3. Орчин үеийн сүйт бүсгүй
Сүүлийн үед сүйт бүсгүйчүүд уламжлалт хэв маягийн хуримын даашинзаас татгалзаж өмд пиджакны хослол, эсвэл дэгжин загварын үргэлж хослолыг илүүд үзэх болсон. Эдгээр загварууд нь энгийн юм шиг хирнээ цаанаа л нэг донжтой, чамин харагддаг шүү. Түүнчлэн мини даашинз бол залуу сүйт бүсгүйчүүдийн хэзээний дуртай сонголт билээ. Хэрвээ та шинэ зүйлсийг туршиж үзэхээс татгалздаггүй, орчин үеийн сүйт бүсгүй бол эдгээр загвараас сонголтоо хийж болох юм.
4. Өнгө ба принт
Хуримын даашинз заавал цагаан өнгөтэй байх ёстой биш шүү. Хэрвээ та цагаанаас өөр өнгийн даашинз өмсөхийг хүсдэг бол энэ жилийн онцлох өнгө болох цэнхэр өнгийн төрлүүдээс сонгоорой. Тэнгэрийн цэнхэр өнгө, лаванда цэцгийн өнгө, бүдэг ногоон өнгө зэрэг эмэгтэйлэг зөөлөн өнгөнүүд хурим ёслол дээр тань гайхалтай харагдах болно. Мөн том том цэцгэн хээтэй материалтай даашинзууд ирэх жилүүдэд хуримын тренд болох нь.
6. 90-ээд оны слип загвар
Слип даашинз нь зөвхөн загварын тайзан дээр гэлтгүй, сүйт бүсгүйчүүдийн дунд ч мөн тренд болоод байна. 90-ээд онд уг загварыг савхин хүрэм, платформ гуталтай хослуулж гранж стилиэр өмсдөг байсан бол сүүлийн үед илүү эмэгтэйлэг, минимал стилиэр өмсөх болсон. Хэрвээ та минимал загварт дурладаг бол илүү дутуу чимэглэл, детальгүй слип загварын даашинзыг хуримдаа сонгож өмсөөрэй.