Зуны халуун өдрүүдэд өмсөх биед хөнгөн, сэрүүхэн, загварлаг хувцаснууд хайж байна уу? Тэгвэл 2022 оны зуны тренд болж буй чөлөөт стилиэр ч, ажил хэрэгч байдлаар ч өмсөх боломжтой классик загваруудаас танилцуулъя.
Классик загварын майк
Классик загварын бие барьсан майкыг Loewe, Christopher Esber, Toteme зэрэг алдартай брэндүүд 2022 оны хавар зуны коллекцидоо онцолж байна. Ямар ч хувцастай зохицдог, хэзээ ч моданаас гардаггүй уг загварыг сүүлийн үед өргөн, даавуун өмдтэй хослуулан өмсөх болсон.
Минимал даашинз
Цулгуй өнгийн, минимал загвартай, даавуун даашинзууд энэ зуны загварлаг сонголт байх болно. Уг даашинзыг загварлаг сандаал, содон хүрээтэй нарны шил, мөрний цүнхтэй хослуулан зуны дэгжин дүр төрхийг бүрдүүлэх боломжтой. Эсвэл өсгийтэй гуталтай хослуулан ажил хэрэгч, элегант стилиэр өмсөөрэй.
Өргөн өмд
The Row, Altuzarra, Jacquemus зэрэг брэндүүдийн зуны цуглуулгад багтсан биед хөнгөн, чөлөөт загварын өргөн өмд нь энэ зун таны шүүгээнд заавал байх хэрэгтэй хувцаснуудын нэг юм. Уг загварыг богино топтой хослуулан өмсвөл илүү зохимжтой бөгөөд тааран эсвэл торгомсог материалтай, амралт чөлөөт цагаараа өмсөхөд тохиромжтой, биед эвтэйхэн загварууд энэ зуны тренд болж байгаа.
Принттэй хослол
Хэрвээ та бусдаас содон хувцаслах дуртай бол энэ жилийн тренд загвар болох өнгөлөг принттэй хослолоос сонгоод үзээрэй. Толгойноос хөл хүртэл өвөрмөц принттэй, анхаарал татам уг загвар нь Bassike, By Malene Birger зэрэг брэндүүдийн 2022 оны хавар зуны загварын шоуг чимж байсан. Чөлөөт загвартай хослолын доогуур өсгийтэй гутал сонгон өмсч, харин эмэгтэйлэг загвартай, юбкатай хослолын доор намхан сандаал өмсвөл илүү тэнцвэртэй харагдах болно.
Намхан углааш
1990-ээд оны намхан углаашны тренд сүүлийн жилүүдэд эргэн ирээд байгаа. Loro Piana, Chloe, Saint Laurent, Hermes зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүд өөрсдийн онцлогийг шингээсэн гоёмсог углаашуудыг 2022 оны зуны коллекцидоо багтаажээ. Чамин ур хийцтэй, арьсан, даавуун материалтай, логотой, минимал загваруудаас өөрийн стильдээ тохируулан сонгоорой.