Сүүлийн жилүүдэд хуучны винтеж загварууд болон трифт шопууд залуучуудын дунд нэлээдгүй тренд болоод байгаа. Хэн нэгний өмсөж эдэлж байсан ч хамаагүй, олон жилийн өмнө үйлдвэрлэгдсэн, винтеж хувцаснууд чанартай бас ахин давтагдашгүй гэдгээрээ онцлогтой. Олны танил одууд ч мөн сүүлийн үед дэлхийн алдартай брэндүүдийн хуучны загваруудаас түлхүү сонгож өмсөх болсон.
Үүний нэгэн тод жишээ бол загвар өмсөгч Белла Хадид юм. Тэрээр Chanel, Jean Paul Gaultier, Vivienne Westwood, Dior, Louis Vuitton зэрэг домогт брэндүүдийн олон жилийн өмнөх гайхалтай загваруудыг орчин үеийн хэв маягт оруулан өмсөж “Винтеж загварын хатан хаан” хэмээн нэрлэгдээд байгаа билээ.
Түүнчлэн энэ жилийн Каннын кино наадмын үеэр Белла винтеж хувцсыг зөвхөн гудманд биш, улаан хивсний ёслол дээр хэрхэн өмсөж болохыг харуулсан. Тэрээр 1980-аад онд Жанни Версачегийн зохион бүтээсэн гоёмсог хар даашинзыг Каннын наадамд өмссөн бол “Princе Trust Gala”-гийн үеэр Dior брэндийн 1950-аад оны загвараас өмссөн байна.