Цагаан жийнсийг хэрхэн хослуулж өмсөх вэ?

Загвар
22
6сар
22

Тод өнгийн акцент

Зуны халуун өдрүүдэд толгойноосоо хөл хүртэл цагаан өнгийн хувцсаар гоёх дуртай л биз дээ. Ингэж хослуулахдаа тод өнгийн деталь оруулж өгч илүү сонирхолтой, зуны дүр төрхийг бүрдүүлээрэй гэж зөвлөе. Тухайлбал, уулзалтад явахдаа цагаан өнгийн шулуун жийнс, сул загвартай цагаан сорочкон цамцыг тод өнгийн өндөр өсгийттэй хослуулан “business casual” стилийг бүрдүүлж болох юм. Үүн дээрээ алтлаг өнгийн аксессуар зүүж орчин үеийн хэв маягийг шингээж өгөөрэй.

Судлан хээ

Усан цэргийнх шиг хөх цагаан судалтай хээ нь зуны классик загваруудын нэгт зүй ёсоор тооцогддог билээ. Тэгвэл өргөн загвартай цагаан жийнс дээр классик загварын судалтай цамц өмсөж дэгжин бөгөөд ажил хэрэгч стилийг бүрдүүлээрэй. Үүнийгээ минимал загварын урт оосортой цүнхтэй хослуулаарай.

Ажил хэрэгч дүр төрх

Сорочкон цамц, шулуун юбка гээд л нэгэн хэвийн оффис хувцаснаасаа залхаж байна уу? Хэрэв тийм бол цагаан жийнсээр илүү орчин үеийн оффис дүр төрх бүрдүүлэхийг санал болгож байна. Биеийн галбиртаа таарах цагаан жийнсэн өмдийг сонгож дээгүүрээ өнгөлөг принттэй, торгомсог материалтай цамц сонгох, эсвэл зуны нимгэн пиджактай хослуулж болох юм. Үүн дээрээ өөрийн дуртай классик загварын цүнхээ барьж орчин үеийн, элегант стилийг бүрдүүлээрэй.

Монохром стиль

Цагаан жийнсэн өмднөөс гадна цагаан жийнсэн хүрэм бол энэ зун таны шүүгээнд зайлшгүй байх хэрэгтэй хувцасны нэг шүү. 80-аад оныг санагдуулам уг ретро загварыг хар өнгийн монохром лүүктэй хослуулж болно. Хар платформ сандаал, мууран хэлбэртэй нарны шил , мөрний цүнх, хар шулуун өмд дээр цагаан жийнсэн хүрмээ өмсөж шинэлэг монохром дүр төрхийг бүрдүүлээрэй.

Аяллын дүр төрх

Зуны аялалдаа гарах гэж байна уу? Хэрэв тийм бол цагаан өнгийн жийнсэн шортыг аяллын цүнхэндээ авч явахаа мартав аа. Бүх хувцастай зохицдог учир зуны аялалд хамгийн тохиромжтой хувцасны нэг шүү. Өндөр суудалтай жийнс сонговол биеийн пропорцыг зөв харагдуулдаг давуу талтай.