Миланы эрэгтэй загварын 7 хоног саяхан болж өндөрлөсөн билээ. Италийн загварын томоохон төлөөлөгчид болох Prada, Giorgio Armani, Moschino, Fendi зэрэг брэндүүд 2023 оны хаврын шинэ загваруудаа танилцууллаа. Мөн Холливудын алдартай жүжигчид, загварын редакторууд, Инстаграм одууд шоунд хүрэлцэн ирж “Street style” камерт өртсөн байв.
Prada Spring 2023
Prada брэндийн хувьд сонгодог загварыг дэвшилтэт технологитой хослуулж орчин үеийн, дэгжин загварууд бүтээдгээрээ онцлогтой. 2023 оны шинэ коллекцидоо жийсэн үргэлж хослолууд, савхин хувцас, судалтай хээ болон шоотой гингхам хээтэй загваруудыг онцолсон байв. Мөн ажил хэрэгч хослол, шулуун загвартай цув зэргийг оруулж өгснөөрөө илүү өдөр тутамд өмсөхөд тохиромжтой коллекци болжээ.
Versace Spring 2023
Versace брэнд нь Медуза лого болон классизмыг секси хэв маягтай хослуулсан өнгөлөг принт бүхий тансаг загваруудаараа дэлхий дахинд танигдсан билээ. Энэ удаа тэд зөвхөн эрэгтэй загваруудаа танилцуулаад зогсохгүй “Versace Home” коллекциосоо шоундаа оруулжээ. Загвар өмсөгчид нь төрөл бүрийн ваар, эспрессоны аяга зэргийг барьж алхсан нь тун өвөрмөц шийдэл болсон байв. Шинэ коллекциос Помпейн галт уулын дэлбэрэлтийн үхлийн маскаас санаа авсан сонирхолтой принтүүдийг харж болно. Мөн могойн арьсан принт, судалтай хээ, лимон шар өнгийн латекс материал болон завсрын ягаан, тод цэнхэр, хар өнгөнүүдийг шинэ цуглуулгадаа онцолжээ.
Fendi Spring 2023
Fendi брэнд нь анх 1925 онд Италийн Ром хотод үүсгэн байгуулагдаж, тансаг загварын үслэг эдлэл болон арьсан эдлэлүүдээрээ дэлхийд танигдсан түүхтэй. Харин өдгөө гайхалтай нарийн ур хийц, дээд зэргийн чанартай материал, сонгодог загварыг хослуулж чадсан дэлхийн хамгийн нөлөө бүхий загварын брэндүүдийн нэг болжээ. Энэ удаагийн коллекцио 1990-ээд оны ажлын хувцас болон скейтбордны хувцаснаас санаа авч урласан байна. Жийнс, савхи, даавуу, булганы арьс, нэхий зэрэг олон төрлийн материал ашигласнаараа уг коллекци нь онцлогтой болсон ба үхрийн арьснаас санаа авсан абстракт хээ, FENDI лого болон цайралттай загварууд нь үнэхээр анхаарал татам байлаа.