2021 оны намар өвлийн тренд гадуур хувцаснууд

Загвар
18
10сар
21

Нэхмэл пончо

Gabriela Hearst болон Jonathan Simkhai брэндүүдийн 2021 оны намар өвлийн коллекциудад орсон нэхмэл материалтай нөмрөгүүд энэ намрын тренд болоод байна. Уг пончонууд нь биед эвтэйхэн, дулаахан байхаас гадна хүйтний улиралд тохирох тун загварлаг сонголт байх болно. Үүнийгээ өргөн загвартай даавуун өмдтэй хослуулж өдөр тутмын, чөлөөт эсвэл ажил хэрэгч стилийг аль алийг нь бүрдүүлж болох юм. 

Металл өнгө

Chanel, Balmain зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүд намар өвлийн шинэ коллекциуддаа алтлаг, мөнгөлөг, рөүзголд зэрэг металл өнгийн куртка хүрмүүдийг түлхүү оруулж өгсөн байна. Хэрвээ та тод хурц өнгөнд дуртай бол Balmain-ы улбар шар оруулгатай мөнгөлөг өнгийн загварлаг курткаг сонгоорой.

Содон өнгөний хослол

Энэ жилийн нэгэн өвөрмөц тренд бол тэр бүр хамт ашиглагдаад байдаггүй содон өнгүүдийг хослуулах юм. Тухайлбал, Jil Sander брэнд нь гич болон лимоны шар өнгүүдийг хослуулж ашигласан бол Roksanda брэнд тод ягаан өнгийг мариголд цэцгийн бор өнгөтэй хослуулсан хүрэм гаргаж шинэлэг дүр төрхийг бүрдүүлжээ. Харин Jason Wu, Tod’s брэндүүд илүү өдөр тутамд өмсөхөд тохиромжтой хар хөх өнгөний хослол, шаргал бэйж өнгийг хослуулсан пальтонууд гаргасан байна.

Үслэг зах

Бие барьсан урт загвартай, үслэг захтай хүрэмнүүд энэ намрын бас нэгэн тренд болж байна. Khaite , Courrèges брэндүүд савхин хүрмийг шинэ коллекцидоо онцлон оруулсан бол Lanvin маш эмэгтэйлэг элегант загварын үслэг захтай ноосон пальто гаргасан байна. Үүнийгээ урт түрийтэй гуталтай хослуулан хуучны гоёмсог ретро стилийг бүрдүүлжээ.

Сагсгар хүрэм

Толгойноосоо хөл хүртэл урттай, сагсгар материалтай үслэг хүрмүүд энэ өвлийн дулаахан бас загварлаг сонголт байх нь. 16Arlington брэндээс эхлээд Petar Petrov , Marni, Fendi, Prada, Givenchy зэрэг томоохон загварын брэндүүд бүгд намар өвлийн шинэ цуглуулгадаа уг загварлаг, сагсгар хүрмүүдийг багтаасан байна.

Ширмэл загварууд

Сүүлийн жилүүдэд ширмэл оёдолтой куртка, хүрэмнүүд болон цүнхнүүд хамгийн их эрэлттэй загвар болоод байгаа. Харин энэ жилийн хувьд Emilio Pucci, Borbonese, Vaquera брэндүүд намар өвлийн коллекцидоо илүү өнгөлөг, төрөл бүрийн принттэй ширмэл хүрмийг онцлон оруулжээ.

Хөвсгөр тусмаа илүү загварлаг

Хэрэв та өвлийн куртка сонгож авч амжаагүй бол хөвсгөр, том, хэлхгэр загвартайг нь сонгоорой. Энэ өвлийн чиг хандлага бол хөвсгөр тусмаа илүү загварлаг. Ялангуяа тод өнгө, хурц шийдэлд дуртай бол Ottolinger болон Khaite брэндүүдийн шинэ цуглуулгаас сонирхоорой.

Өнгөлөг савхи

Хар савхин хүрэм бол хүн бүрийн хувцасны шүүгээний нэгэн хэсэг болсон сонгодог загвар билээ. Харин энэ намар энгийн хар савхи бус шар, цэнхэр, ногоон зэрэг тод өнгийн савхин хүрмүүд моданд ороод байна. Тухайлбал, Alberta Ferretti брэндийн ойн ногоон өнгөтэй эсвэл Jil Sander-ийн шаргал өнгийн шинэ хэв маягийг шингээсэн загваруудаас сонгож болох юм.

STYLEE.MN