1. Тод өнгө
2021 оны намар өвлийн онцлох загварт өөдрөг ирээдүйг зөгнөх тод өнгө, принтүүд зонхилж байна. Тэр тусмаа Mara Hoffman брэнд улаан, Jacquemus брэнд неон ягаан, Bottega Veneta шар, Molly Goddard нь ногоон, номин ногоон, Valentino тэнгэрийн цэнхэр өнгөнүүдийг шинэ коллекциуддаа тус бүр онцлон ашиглажээ.
Jacquemus FW21
2. Сүлжмэл даашинз
Сүлжмэл эсвэл ноосон даашинз нь биед эвтэйхэн, тухтай мэдрэмж төрүүлдэг учир гэртээ ч гадуур ч өмсөхөд хамгийн тохиромжтой хувцас юм. Загвар зохион бүтээгч Gabriela Hearst энэ намрын коллекцидоо макси сүлжмэл даашинзуудыг онцолж өргөн өмдтэй хослуулсан нь үнэхээр шинэлэг харагдаж байлаа. Харин дизайнер Khaite-ийн шинэ коллекци дахь нарийн шпагети мөртэй сүлжмэл даашинзыг урт түрийтэй гутал, хүрэмтэй хослуулснаар илүү эмэгтэйлэг, чамин стилийг бүрдүүлж болох юм.
Gabriela Hearst FW21
3. Patchwork
Энэ намар “patchwork” буюу олон төрлийн даавууг нийлүүлж оёсон мэт загварууд моданд ороод байна. Брэндүүд уг төрлийн загварууддаа ихэвчлэн байгалийн, намрын өнгөнүүд болох бор шаргал өнгүүдийг голчлон ашиглажээ. Patchwork загвартай хүрмээ трапецан жийнс, богино түрийтэй гуталтайгаа хослуулан 70-аад оны Бохо стилийг бүрдүүлж болох юм.
Chloe FW21
4. Гар нэхмэл
Дизайнерууд энэ намар энгийн минимал загварын нэхмэл цамцнаас татгалзаж, гар аргаар нэхсэн мэт төрөл бүрийн хээтэй, өнгөлөг загваруудыг онцолж байна. Тухайлбал, Molly Goddard брэнд нэхмэл загваруудаа олон өнгө холилдсон “Fair Isle” хээгээр урлаж, зарим загваруудаа өнгөний блок загвартай ороолттой хослуулжээ.
Molly Goddard FW21
5. Back to school
Back to School буюу сурагчийн формоос санаа авсан ажил хэрэгч загварууд энэ намар өвлийн голлох трэндүүдийн нэг болж байна. Valentino, Acne Studios , The Row брэндүүдийн гаргасан хэлхгэр загвартай хослолууд, урт макси загвартай хүрэм, шовх захтай цагаан сорочкон цамцтай коллекциудаар ажил хэрэгч бөгөөд маш загварлаг дүр төрхийг бүрдүүлж болох нь.
Valentino FW21