Наадмын дараа намар гэдэг шиг аль хэдийн намрын сэрүү орж, хувцсаа давхарлах цаг иржээ. Харин та ямар шинэ загваруудаар шүүгээгээ шинэчлэхээ шийдсэн үү? Ягаан өнгө, платформ гутал, макси юбканаас эхлээд 2022 оны намар өвлийн загварын шоунууд дээр зонхилж байсан энэ жилийн тренд загваруудаас сонирхуулъя.
Өдөр тутмын загварууд
2022 намар өвлийн шинэ коллекциудаас харахад хүн бүрийн шүүгээнд байдаг энгийн, өдөр тутмын загварууд тренд болоод байна. Тухайлбал, шүүгээндээ байгаа өргөн жийнс, хэлхгэр загварын пиджак, цагаан майк зэргийг хослуулж чөлөөт бөгөөд орчин үеийн ажил хэрэгч дүр төрхийг бүрдүүлж болох юм.
Гялтгар даашинз
Энэ намрын бас нэгэн онцгой загвар бол гялалзсан материалтай диско даашинз юм. Сүүлийн жилүүдэд гялтгар загварууд тренд болоод байгаа ч энэ жилийн загварын тайзан дээр гялтгар хэрнээ урт макси загварын даашинзнууд түлхүү ажиглагдсан. Хэрвээ ямар нэгэн үдэшлэг, арга хэмжээнд очихоор шийдсэн бол биеийн галбирыг тодотгох гялалзсан даашинзыг сонгоорой гэж зөвлөе.
Платформ гутал
Платформ ултай гутлууд моданаас гарах болоогүй шүү. Харин ч илүү гоёмсог чамин загвартай болсоор л байна. Gucci, BottegaVeneta, Versace зэрэг дэлхийн шилдэг брэндүүдийн сүүлийн үеийн загварын шоунууд дээр өргөн платформ ултай, өндөр өсгийтэй загварууд зонхилж байсан. Мөн Valentino-гийн кутюр шоунд уригдсан алдартнууд бүгд тод ягаан өнгийн Valentino-гийн платформ гутлаар ижилссэн нь олны анхаарлыг татаж байсан.
Макси юбка
Макси загварын эрин үе эргэн ирлээ. Сүүлийн жилүүдэд юбка даашинзны урт нь улам богиносож, мини загвартай болоод байсан бол энэ намар шагай шүргэсэн урт загварууд эргэн ирж байна. Altuzarra’s , Rick Owens, Peter Do’s, The Row’s зэрэг брэндүүд савхин материалтай, нугалаастай, спортлог зэрэг төрөл бүрийн макси юбкаг шинэ коллекцидоо оруулжээ.
Ягаан өнгө
Загварын ертөнцөд улирал бүр ямар нэг өнгийг онцолдог уламжлалтай. Харин 2022 оны намрын голлох тренд өнгө бол ЯГААН өнгө юм. Ягаан өнгө нь нөхөрлөл, хайр, нинжин сэтгэлийг билэгддэг бөгөөд энэ жил Valentino брэндээс эхлээд Emilia Wickstead, Molly Goddard’s, Jacquemus, Isabel Marant зэрэг алдартай брэндүүд бүгд тод, бүдэг, завсрын, пастель зэрэг ягаан өнгөний олон төрлүүдийг коллекцидоо багтаажээ.
Бомбер хүрэм
Улирал солигдох энэ үед хамгийн хэрэгтэй хувцас бомбер хүрэм биш гэж үү? Ямар ч хувцсан дээр зохицдог уг загварлаг хүрмийг Versace, Sacai, Paco Rabanne, Khaite, Max Mara зэрэг тансаг брэндүүдийн 2022 оны намар өвлийн шоунаас харж болно.
Дэрэн цүнх
Дэр шиг хэлбэртэй, зөөлөн арьсан материалтай, том гар цүнхнүүд энэ намрын “It” тренд болж байна. Bottega Veneta, Versace, Stella McCartney, Stand Studio, Saint Laurent зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүд бүгд өөрсдийн онцлогийг шингээсэн сонирхолтой дэрэн цүнхний хувилбаруудыг гаргажээ.