Blonde
Холливудын домог болсон үзэсгэлэнт Мэрилин Монрогийн тухай Шаргал үст буюу “Blonde” нэртэй кино тун удахгүй нээлтээ хийх нь. Жойс Кэрол Оутсын номоос сэдэвлэн бүтээсэн уг киноны найруулагчаар Эндрю Доминик ажилласан бөгөөд шуугиан тарихуйц сонирхолтой бүтээл болсон хэмээн ам бардам хэлж байсан. Мэрилин Монрогийн дүрийг Куба гаралтай жүжигчин Ана Де Армас бүтээсэн бөгөөд дүрдээ уусан шингэж Монрогийн үнэн бодит дүр төрх, эмзэгхэн байдлыг гайхалтай харуулж чадсан хэмээн кино шүүмжлэгчид түүнийг сайшаагаад байгаа юм.
Киноны нээлт: 2022 оны 9 сарын 28-наас Netflix-ээр.
Amsterdam
Марго Робби, Кристиан Бэйл, Жон Дэвид Вашингтон нар гэмт хэргийн сэдэвтэй “Amsterdam” киноны гол дүрүүдийг бүтээжээ. 1930-аад онд болж буй үйл явдал бөгөөд 3 найз аллагын гэрч болсон ч эргээд өөрсдөө хэрэгт сэжиглэгдсэнээр киноны гол хэсэг өрнөдөг. Silver Linings Playbook, American Hustle зэрэг кинонуудыг найруулсан Дэвид О.Расселлын шинэхэн бүтээл “Amsterdam” нь гэмт хэрэг, нууцлагдмал байдал, хөгжилтэй сценүүдийг шингээж өгснөөрөө их сонирхолтой бүтээл болжээ. Мөн туслах дүрүүдэд Аня Тейлор Жой, Тэйлор Свифт, Крис Рок, Роберт Де Ниро, Рами Малек зэрэг алдартай уран бүтээлчид оролцсоноор бүр ч онцлогтой болсон байна.
Киноны нээлт: 2022 оны 11 сарын 4-нд кино театруудад.
Ticket to Paradise
Жулиа Робертс, Жорж Клуни нараас илүү ром-ком киноны төгс хосууд Холливудад байхгүй л болов уу. Уг кинонд тэр 2 салсан хосын дүрд тоглох бөгөөд гэнэт хуримаа хийхээр шийдсэн охиноо аврахын тулд Бали руу очиж үйл явдал өрнөдөг.
Киноны нээлт: Англид 2022 оны 9 сарын 16-нд, Америкт 2022 оны 10 сарын 21-нд тус тус кино театруудад.
She Said
New York Times-ын сэтгүүлч Меган Туи, Жоди Кантор нарын “She said” нэртэй сэтгэл шимшрүүлэм дурдатгалаас сэдэвлэсэн уг кино нь кино ертөнцийн могуль гэгддэг байсан Харви Вайнштейны хэдэн арван жилийн хүчирхийллийн хэргийг сөхөх болно. Кэри Маллиган, Зои Казан нар хэргийг эрэн сурвалжилсан сэтгүүлчдийн дүрийг чадварлагаар бүтээжээ.
Киноны нээлт: 2022 оны 11 сарын 18-нд кино театруудад
Armageddon Time
Өнгөрсөн Каннын кино наадмын үеэр нээлтээ хийсэн “Armageddon Time” киноны гол дүрд Энн Хэтэуэй, Жереми Стронг нар тоглосон. Жеймс Грейний найруулсан уг бүтээлийн зураг авалтыг Нью-Йоркын Куинст хийжээ. Уг кинонд дундаж давхаргын амьдралтай эцэг эхийнхээ хүсэл эрмэлзэл болон дарамт дунд өсч буй бяцхан хүүгийн түүхийг өгүүлнэ.
Киноны нээлт: 2022 оны 10 сарын 28-нд кино театруудад
My Policeman
Энэ жил дуучин Харри Стайлсын тоглосон 2 ч кино нээлтээ хийж байгаа. 1950-аад оны үед Англид болж буй үйл явдлыг харуулах уг кинонд “The Crown” цувралын гол дүрийн жүжигчин Эмма Коррин, дуучин Харри Стайлс нар тогложээ. Хориотой хайрын түүхийг өгүүлэх уг киног Бетан Робертсын шилдэг романаас сэдэвлэн бүтээсэн байна.
Киноны нээлт: 2022 оны 10 сарын 28-нд кино театруудад, 11 сарын 4-нөөс Amazon Prime Video дээр тавигдана.
Don’t Worry Darling
Жүжигчин, найруулагч Оливия Уайлдын бүтээл, аймшгийн триллер төрлийн “Don’t Worry Darling” кино тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Киноны шинэхэн гэрлэсэн хосын дүрд Харри Стайлс, Флоренс Пью нар тоглосон бөгөөд гаднаасаа төгс мэт харагдах хөршүүдтэй, шинэ газар нүүж ирснээр адал явдал эхэлдэг. Гол дүрийн бүсгүй Алиса ойр хавийн хөршүүд нь гаднаасаа өөгүй мэт аяглах боловч нэг л биш байгааг анзаарч аймшигт үнэнийг олохоор шийднэ. Сонирхуулахад Холливудын алдартнууд болох Жемма Чан, Кики Лэйн, Крис Пайн нар уг киноны туслах дүрүүдийг бүтээсэн байна.
Киноны нээлт: 2022 оны 9 сарын 23-нд кино театруудад
Elvis
Рок-н-роллын хаан, домогт дуучин Элвис Преслигийн намтраас сэдэвлэсэн “Elvis” кино нээлтээ хийгээд удаагүй байгаа. Баз Лурманы найруулсан уг кинонд Элвисийн дүрийг Остин Батлер бүтээж гайхалтай үзүүлбэрийг үзүүлдэг бол түүний асуудалтай менежерийн дүрд Холливудын томчуудын нэг болох Том Хэнкс тогложээ.
Киноны нээлт: Одоо кино театруудаар гарч байгаа.