“Modern Family” цувралаараа олонд танигдсан жүжигчин Сара Хайланд телевиз болон радиогийн хөтлөгч Уэллс Адамстай гэрлэжээ. Хосууд 3 жилийн өмнө 2019 онд сүй тавьсан бөгөөд цар тахлаас болж хурим нь хойшлогдсоор ийнхүү Калифорни мужийн Санта Барбарагийн ойролцоох үзэсгэлэнт байгальтай “Sunstone Winery”-д саяхан хуримаа хийсэн байна.
Хуриманд тэдний гэр бүл, ойр дотнын найз нөхөд болон “Modern Family” цувралын одууд болох Нолан Гоулд, София Вергара, Жули Бауэн, Жесси Тайлер Фергюсон нар уригдан иржээ. Мөн Жесси Тайлер Фергюсон тэдний хуримыг баталсан нь маш онцгой үйл явдал байв. Сара 18-тайгаасаа хойш л Жессиг мэдэх ба өнгөрсөн хугацаанд маш дотнын найзууд болсон гэдгээ дурдаж байсан юм.
Хосууд 2017 оноос болзож эхэлсэн ба Уэллсыг 2016 онд “The Bachelorette” нэвтрүүлэгт орж байхад нь Сара анх хараад крашласан гэнэ. Тэд сүүлийн 5 жилийг хамтдаа өнгөрөөж байгаа бөгөөд аль хэдийн хамт амьдарч, эгдүүтэй нохой хүртэл үрчилж авчээ.
Хуримын даашинзны хувьд Сара 2 өөр загварын “Vera Wang”-ын даашинзнаас сонголтоо хийж чадахгүй байсан учир 2-ууланг нь авч хуримдаа өмссөн байна. Хуримын ёслолдоо хуучны винтеж хэв маяг бүхий корсеттой, урт, тансаг загварын даашинз өмссөн ба даашинзандаа багахан өөрчлөлт хийсэн нь халаас нэмүүлэх байв. Учир нь Сара халаасандаа нулимсаа арчих алчуур хийхийг хүссэн гэнэ.