2023 оны хавар зуны шинэ коллекциудыг танилцуулах энэ жилийн загварын 7 хоног уламжлалт ёсоор Нью-Йорк хотоос эхэллээ. Энэ жилийн Нью-Йоркийн загварын 7 хоногийн онцлох нэгэн үйл явдал бол “Vogue World” загварын шоу байв. Дэлхийн хамгийн алдартай “Vogue” загварын сэтгүүлийн 130 жилийн ойд зориулж уг загварын шоуг зохион байгуулжээ.
Шоунд үе үеийн шилдэг загвар өмсөгчид загвар өмсөхөөс гадна алдарт теннисчин Serena Williams, жүжигчин, бүжигчин Mikhail Baryshnikov, Brooklyn Beckham эхнэр Nicola Peltz-тэйгээ мөн тайзан дээр алхсан юм. Түүнчлэн Kanye West, Jared Leto зэрэг алдартнууд хүрэлцэн ирж Lil Nas X гайхалтай үзүүлбэрээ үзүүлсэн.
Уг шоу нь Манхаттаны “Meatpacking District”-д болж өнгөрсөн ба хувцаслалтыг Gucci, Khaite, Adidas, Balenciagа зэрэг бидний дуртай брэндүүдээс сонгосон байна. Стилистээр нь Alex Harrington ажилласан бөгөөд энэ намар өвлийн хамгийн онцлох 5 трендийг багтаасан байв.
Орчин үеийн бохо стиль
Цэцгэн принт, нэхмэл загвар, цацагтай деталь, tie-dye принт зэрэг 1970-аад оны бохо стилийг неон өнгөтэй хослуулж илүү орчин үеийн хэв маягт оруулсан “Нео-бохемиан” загварууд энэ намрын халуухан тренд болох нь.
Тансаг зэрэглэлийн спорт загварууд
Сүүлийн үед спорт хувцасны брэндүүд тансаг загварын брэндүүдтэй хамтарсан коллекци гаргах нь олширсон. Үүнийгээ дагаад спортлог загварууд улирал бүр хамгийн эрэлттэй загварын трендэд тооцогдох болсон билээ. Энэ намрын хувьд Victoria Beckham брэндийн спортлог даашинз, Miu Miu брэндийн теннисийн юбка, Saint Laurent-ын бомбер хүрэм зэрэг томоохон загварын брэндүүд бүгд өөрсдийн онцлогийг шингээсэн спортлог загваруудаа гаргасаар байна.
Хуучны ретро загварууд
1950-аад оны миди урттай дэрвэгэр даашинз, толгойны алчуур, 1960-аад оны тренд богино юбка, бариу даашинз, гялгар арьсан материал, 1970-аад оны урдаа бантикладаг цамц, бор өнгөний цуглуулга гэх мэт хуучныг санагдуулам ретро загварууд энэ намрын тренд болж байна.
Сонгодог хослолууд
2022 оны намрын онцлох бас нэгэн тренд бол классик загварын хослол, пиджак, хантааз байлаа. Ажил хэрэгч бөгөөд загварлаг харагдах уг трендийг классик загварын аксессуар болон орчин үеийн “it” гутал, цүнхтэй хослуулаарай.
Гялалзсан металлик загварууд
2022 онд металлик загваруудыг эргэн ирлээ. LaQuan Smith, Altuzarra, Mach & Mach болон Off–White зэрэг брэндүүдийн намар өвлийн коллекцид алтлаг, мөнгөлөг, гялалзсан хар болон тод өнгийн металлик загварууд зонхилж байсан. Үүн дээрээ гоёмсог загварын том ээмэг, сонгодог загварын цүнхийг сонгож хослуулаарай.