Энэ удаагийн Нью-Йоркийн загварын 7 хоногоор гоо үзэсгэлэн, нүүр будалтын цоо шинэ, өвөрмөц трендүүд олны анхаарлыг татлаа. Мөн 90-ээд оны хэв маяг загварын тайзан дээрээс биднийг гайхшруулсаар байх бололтой. Нүүр будалтын минимал аргуудтай үс засалтын максимал хэлбэртэй хослуулсан нь сэтгэл хөдөлгөм байлаа. Гялалзсан нүднээс эхлээд өвөрмөц үс засалтуудтай моделиуд хүрэлцэн ирсэн бүх хүмүүсийн нүдийг баясгалаа.
Сонирхол татам хэлбэр дүрс бүхий сүлжсэн үснээс эхлээд газар шүргэм урт унжсан үс, мөн нүүрний гоёмсог аксессуарууд энэ жилийн трендэд нэгдсэн байв. Мэдээж хаварт зориулсан загварын тайзыг хурц тод өнгө болон нойтон мэт хувцаслалтгүйгээр төсөөлөшгүй. Ингээд үс засалт, нүүр будалтын цоо шинэ 7 трендтэй танилцацгаая.
90-ээд оны comeback
90-ээд оны элемент хаа сайгүй байлаа. Victor Glemaud брэнд гүн бор өнгийн уруул, Tory Burch брэнд саатай, мууран нүдний будалт, мөн Sergio Hudson брэнд шанаа харагдах үсээ шуусан үсний засалтуудыг тус тус тренд болгожээ.
Шинэхэн бороо
Энэ хэсэгт American Psycho киноноос санаа авсан Eckhaus Latta брэндийн “хэт бодит арьс”-тай мэт харагдуулах маск, үсний үзүүрийн усны дусал мэт харагдуулах үсний засалтууд хамгийн их анхаарал татав.
Урт үс
Ташаа хүрсэн урт ч биш шал шүргэм урт үс энэ жилийн трендэд орсон байна. Collina Strada брэндийн үзүүлбэр дээр могой шиг, тэр тусмаа мөрөө ч ороогоод дуусахгүй урт сүлжсэн үс хүн бүрийн ярианы сэдэв болсон.
Цэвэрхэн арьс
Будаагүй мэт харагдах будалт трендэд байсан бол энэ удаад огт будахгүй, дөнгөж цэвэрлэсэн арьс тренд болж байна. Khaite болон Gabriela Hearst брэндүүд тухайн хүний натурал арьсны өнгийг нэмэлт чийгшүүлэгчтэй нүүрний маскны тусламжтайгаар улам тодотгох аргыг хэрэглэжээ.
Өхөөрдөм пастель өнгөнүүд
Лаванда цэцгийн өнгө, тэнгэрийн цайвар цэнхэр гэх мэт зөөлөн өнгөнүүдийн нүүр будалтын гол зэвсэг болгосон байна. Тухайлбал, зарим дизайнерууд дух болон хөмсөгний голд өнгөний тоглолт хийсэн нь үнэхээр сэтгэл хөдөлгөм байлаа.
Өвөрмөц чимэглэлүүд
Тус 7 хоног дээр байж болох бүх төрлийн чимэглэлүүдийг дизайнерууд ашигласан байв. Саатай хөмсөг, бөмбөлөг мэт чимэглэлтэй хумс, цээж хэсгийг халхалан тархсан эрвээхий болон конус хэлбэрт оруулан үнэт чулуунуудаар чимэглэсэн үс засалтыг сонгосон байсан бол хамгийн их сонирхол татсан нь үнэт чулуугаар чимэглэсэн од хэлбэртэй нүүрний гоёл байв.
Янз бүрийн хэлбэр дүрс бүхий үсний засалтууд
Таталцлын хуулийг ч үл ажирсан аэродинамик загварын үсний засалтууд бүхний харааг булаалаа. Тэрэн дундаас хамгийн их анхаарал татсан нь Tom Ford брэндийн шоуны Sacha Quenby моделийн үс засалт байв. Тэрхүү засалтыг бүтээсэн Jawara хэлэхдээ: “Энэ бол 80-аад оны футуристик толгой дохилт” гэсэн юм. Сонирхолтой байгаа биз?