Хэллоуин буюу сүнсний баяр нь зүгээр л нэг нүүрээ будаж аймшгийн дүрд хувирдаг өдөр биш ба эртний Кельт үндэстний уламжлалт “Samhain” ургацын баяраас гаралтай, хэдэн мянган жилийн түүхтэй баяр юм. Тэд ургац хураалтын улирал дуусаж, өвөл ирж буйг тэмдэглэдэг байсан ба энэ үеэр газар доорх ертөнц амилж сүнснүүд гарч ирдэг хэмээн үздэг байв. Тиймээс тэднийг айлгахын тулд гал асааж, аймшгийн хувцас өмсдөг байсан нь өдгөө бидний мэдэх Хэллоуины баяр болжээ.
Дерри, Хойд Ирланд
Дэлхий дээрх хамгийн том Хэллоуины фестивалиудын нэг энд зохиогддог. Уг арга хэмжээ нь 8 өдөр үргэлжилдэг ба нийт 100,000 гаруй хүмүүс хүрэлцэн ирж, 1400 гаруй уран бүтээлчид баярын жагсаалд оролцон үзүүлбэр үзүүлдэг. Галын наадам, дуу хөгжим, худалдааны зах гэх мэт Сүнсний баярыг жинхэнэ утгаар нь эндээс харж болно.
Үхэгсдийн өдөр, Мексик улс
Мексик улсын хувьд Хэллоуины баярыг “Día de los Muertos” хэмээн нэрлэдэг ба аймшгийн гэхээс илүү хүндэтгэлийн баяр гэж хэлж болно. Талийгаач болсон гэр бүлийнхэн, хайртай дотнын хүмүүстээ хүндэтгэл үзүүлж, тэднийгээ эргэн дурсаж мөн амьд байгаадаа талархдаг өдөр юм. Тод өнгөөр будсан гавлын яс, араг ясан өвөрмөц чимэглэлээрээ дэлхийд танигдсан ба энэ нь Юнеско-гийн дэлхийн өв соёлд бүртгэгдсэн баяр гэнэ.
Лондон, Англи улс
Лондон хот бол Сүнсний баярыг тэмдэглэх төгс байршил юм. Англи улсад аймшгийн цайз, газар доорх харанхуй шорон, эртний барилгууд маш олон байдаг. Эдгээрээс хамгийн алдартай нь Лондон хотын газар доорх аймшгийн шорон юм. Жинхэнэ айдсыг мэдрэхийг хүсвэл энд заавал очиж үзээрэй. Мөн Хэллоуины баярыг тохиолдуулан олон үдэшлэг, багт наадам зохиогддог учир танд уйдах зав гарахгүй л болов уу.
Салем хот, АНУ
Массачусетс мужын Салем хот нь 1692 оны шулмын шүүлтээрээ алдартай. Өдгөө тэд Хэллоуины баярыг 10 сарын турш маш өргөн дэлгэр тэмдэглэдэг байна. Баярын жагсаалаас эхлээд сүнс ба домгийн автобустай аялал, Салем үзмэрчдийн үзэсгэлэн, шулмын зах зэрэг олон төрлийн гэр бүлээрээ оролцох боломжтой арга хэмжээнүүд энд зохиогддог.
Оттава, Канад улс
Канадын хамгийн алдартай Pumpkinferno Хэллоуины фестиваль нь Канадын нийслэл Оттавад болдог. Гар урлал болон Хэллоуины үдэшлэгээс бүрдэх уг арга хэмжээнд 7000 гаруй гараар урласан хулууг 1км орчим урт зайд байршуулсан байдаг. Нохой, луу, сансрын нисгэгч, машин, мод зэрэг хулуугаар юуг л бол юуг бүтээж болохыг эндээс харж болно.
Нью-Йорк, АНУ
Бүх хүнд зориулсан Хэллоуины фестиваль энд л зохиогддог. Ямар нэгэн дүрд хувирч хувцасласан л бол уг баярт хэн бүхэн оролцох боломжтой. Нью-Йоркчууд Хэллоуины баярыг шилдэг хувцаслалт шалгаруулах, хүүхэлдэй хийх , дуу хөгжим гээд л маш хөгжилтэй, хөнгөн байдлаар өнгөрүүлдэг байна.
Нью-Орлеанс, АНУ
Вүүдүү шашин, вүүдүү хүүхэлдэй гэж сонсож байсан л биздээ? Тэгвэл энд болдог фестивалиар эртний, нууцлаг Вүүдүү шашныг илүү хөгжилтэй талаас нь харуулдаг. Дуу хөгжим, урлагийн бүтээл, хоол, сүнстэй байшингаар алхах гэх мэт олон сонирхолтой хийх зүйлс бий.
Сөүл, Өмнөд Солонгос
Хэллоуины баяр нь Солонгос улсын хувьд харьцангуй шинэ баяр учир айлууд нь гэрийнхээ гадаа тэр бүр чимэглэл тавиад байдаггүй. Гэсэн хэдий ч сүүлийн жилүүдэд залуучууд Сүнсний баярыг өргөн дэлгэр тэмдэглэж янз бүрээр хувцаслан Итэвоны гудамжинд үдэшлэг хийх болсон. Үүнээс гадна Сөүлийн сүнстэй гэгдэх газрууд руу явган аялал хийж, ингэж алхах зуураа аймшгийн түүх, болсон явдал, аллага, сүнсний талаарх аймшигтай түүхүүдийг сонсох боломжтой.