Эрэгтэй загварын ертөнцөд хувьсал хийж чадсан дизайнер Раф Симонс өөрийн брэндээ 27 жилийн дараа албан ёсоор хааж байгаагаа мэдэгдэв. Бельгиэс гаралтай загвар зохион бүтээгч өөрийн Инстаграм хуудсандаа өнгөрсөн 10 сард Лондонд болсон 2023 оны хавар зуны шоу нь тэдний хамгийн сүүлийн шоу байсныг зарласан юм. Тэрээр “Би хийж бүтээж, хүрч чадсан амжилтаараа маш их бахархаж байна. Та бүгдэд бидний алсын хараа, зорилгод итгэж бас надад итгэсэнд их баярлалаа” гэж бичжээ.
Симонс 1995 онд “Raf Simons” загварын брэндээ үүсгэн байгуулсан бөгөөд залуучуудад зориулсан гудамжны арт, underground хөгжмөөс сэдэл авсан, минималист силуэттэй загваруудаараа танигдаж чадсан юм. Ингээд загварынхны “Raf Simons”-ын хамгийн дуртай коллекциудынхаа талаар хуваалцсаныг хүргэе.
Загвар зохион бүтээгч Marc Jacobs
Рафын бүх коллекци гайхалтай байдаг. Тэр дундаас хамгийн дуртайгаа сонго гэвэл 2018 оны хавар зуны коллекцийг онцолно. Би маш азтайгаар тэр шоуг амьдаар нь үзсэн. Хувцас, тайз, үнэр, дуу хөгжим гээд л яг “Blade Runner” киног санагдуулж байсан. Энэ шоу надад маш гайхалтай мэдрэмжийг төрүүлсэн бөгөөд би яагаад анх загварт хайртай болсноо эргэн санасан шүү.
Загвар өмсөгч, жүжигчин Luka Sabbat
Раф Симонс залуу байхын утга учир, мөн чанарыг ойлгодог. Тэрээр маш олон жижиг, хүмүүсийн мэдэхгүй соёл руу гэрэл тусгадаг нэгэн. Түүнийг байхгүй байсан бол бид тэдгээр зүйлсийг мэдэхгүй өнгөрөх байсан биз. Мөн график дизайнер, өөр чиглэлийн артистуудтай хамтарч шинэлэг загваруудыг бүтээж байсан. Хамгийн дуртай коллекци маань Америкийн коллеж болон хэрэглээний соёлуудыг харуулсан 2000 оны хавар зуны коллекци, мөн 2002 оны өвлийн коллекциуд байсан.
Стилист David Vandewal
Раф Симонсын 2000 оны хаврын коллекци миний эрэгтэй хувцсыг харах өнцгийг өөрчилсөн. График принттэй ноосон цамц, patchwork техник, бомбер хүрэм, классик загварын даавуун өмдийг All Star Converse кет эсвэл цагаан спорт оймстой хослуулсан зэрэг нь, мөн үсний засалтууд нь тун өвөрмөц байсан. Эдгээр нь эрэгтэй загварын ертөнцөд цоо шинэ гоо зүйг авчирсан гэж боддог.
“SSENSE”-н дижитал контент албаны дарга Steff Yotka
Анх Раф Симонс анхаарлыг маань татсан шалтгаан бол тэр үргэлж аймшигтай бодит байдлыг уран дүрслэлээр, зөөлнөөр харуулж чаддаг. Надад хамгийн таалагддаг коллекци нь цагаан давхарласан хувцас, хөл нүцгэн моделиудаас бүрдсэн 2002 оны хавар зуны коллекци байсан. Тэр нэг гараа гал дээр, нөгөө гараа үүлэн дээр байлгаж чаддаг. Тиймээс ч шоунууд нь үргэлж сэтгэл догдлом байдаг. Фенүүдийнх нь нэгэн адил брэндээ хаах гэж байгаад нь харамсаж байгаа ч түүнийг цаашид өөр зүйлсийг туршиж, илүү ихийг нээж харуулах болно гэдэгт итгэж байна.
Загвар зохион бүтээгч Christopher Kane
Би Рафын бүтээлүүдийг оюутан байхаасаа л биширч ирсэн. Түүний тууштай байдал, алсын хараа, минималист хэв маяг, залуучуудын соёлд хайртай байдал нь намайг фен нь болгосон. Аз болж энэ жил түүний сүүлийн шоуг үзэж чадсан. Үнэхээр гайхалтай байсан. Цаанаасаа л “Cool”, яг л Рафын мөн чанар харагдаж байсан. Тэр ямар нэгэн зүйлд хязгаарлагддаггүй. Цаашид Prada брэндэд тэр чанараа хадгалан ажиллах байх.