Pantone өнгөний институтээс жил бүрийн 12 сард ирэх жилийг тодорхойлох тренд өнгийг зарладаг билээ. Тэгвэл удахгүй гарах гэж буй 2023 оныг тодорхойлох өнгө бол Viva Magenta 18-750 буюу улаан ягаан өнгө юм.
Viva Magenta нь улаан өнгөний гэр бүлд багтах ба юунаас ч айхгүй эрэмгий зоригтой зан чанар, цог золбоотой, баяр хөөртэй, өөдрөг байдлыг илэрхийлдэг.
Дижитал ертөнц бодит байдлыг хоршуулж амьдарч байгаа бидний хувьд байгаль дэлхийтэйгээ ойр байх нь нэн чухал. Тиймээс ч 2023 оны тренд өнгийг кошениль цохноос гаргаж авдаг байгалийн өнгөөр сонгожээ. Энэ нь химийн аргаар бус байгалиас гаргаж авдаг өнгөнүүд дундаасаа хамгийн тод, гоёмсог, үнэ цэнтэйд тооцогддог байна.
Pantone институтээс уг өнгийг ер бусын цаг үед тохирсон ер бусын өнгө хэмээн тодорхойлжээ. Бусдаас ялгарч харагдахуйц тод өнгө учир хүчирхэг, өөртөө итгэлтэй байдал, дотоод хүч чадлыг илэрхийлэхээс гадна, бага зэргийн тэрслүү зан чанарыг ч мөн харуулдаг.
Сүүлийн 3 жил дэлхий нийтээрээ цар тахлаас эхлээд л дайн, тогтворгүй эдийн засаг, замбараагүй сошиал ертөнц, дэлхийн дулаарал гэх мэт маш олон хүнд хэцүү зүйлстэй нүүр тулгарсаар байна. Тийм ч учраас илүү хүнлэг, өөдрөг, гэрэлтэй ирээдүйг уг өнгөөр төлөөлүүлжээ.
Viva Magenta загварын ертөнцөд
Уг өнгө нь цайвар саарал, цэнхэр болон бусад пастель өнгөнүүдтэй гайхалтай зохицдог. Харин илүү монохром стилиэр хувцаслахыг хүсвэл бусад төрлийн ягаан өнгөнүүдтэй хослуулаад үзээрэй. Хэрвээ тод өнгийн хувцас төдийлөн өмсдөггүй бол ийм өнгийн аксессуар сонгож болох юм.
Харин 2023 онд гоо сайхны ертөнцөд улаан ягаан хумс, үс, уруулын будаг болон хацар өнгөлөгч тренд болох нь.
Viva Magenta нь дулаан хүйтэн өнгийг төгс хослуулж чадсан учир арьсны өнгө, нас, хүйс харгалзахгүй хэн бүхэнд гайхалтай зохих болно.