Rihanna-гийн жирэмсний стиль
Дуучин Rihanna бол загварын шүтээн. Түүнийгээ ч жирэмсэн байхдаа баталж том гэдсээ тодотгон маш шинэлэг байдлаар хувцаслаж байсан. Тэрээр A$AP Rocky-гийн хамт бие давхар болсноо зарлахдаа Chanel брэндийн винтеж хүрэм, Christian Lacroix брэндийн гоёл чимэглэлийг зүүж зургаа авхуулан интернэт ертөнцийг донсолгож чадсан. Үүгээрээ тэрээр жирэмсний шинэ трендийг бий болгосон юм.
Bottega Veneta-гийн шинэ эрин үе
Өнгөрсөн онд Bottega Veneta брэндийн бүтээлч захирал Daniel Lee гэнэт ажлаа орхихоор болж түүний оронд Matthieu Blazy томилогдсон билээ. Тэгвэл Matthieu Blazy-гийн хариуцсан 2022 оны намар өвлийн анхны шоу амжилттай болж хамгийн их үзэлттэй шоугаар тодорсон юм. Тэрээр Raf Simons, Calvin Klein, Celine, Maison Margiela, Bottega Veneta зэрэг томоохон брэндүүдийн арын албанд зүтгэж ирсэн нэгэн бөгөөд ийнхүү шинэхэн шоугаараа өөрийгөө батлан харуулж Bottega Veneta-гийн шинэ эрин үеийг эхлүүлсэн юм.
Ким Кардашьян Мэрилин Монрогийн даашинзыг гэмтээсэн үү?
2022 оны Met Gala-гийн хамгийн дуулиант явдлуудын нэг бол Ким Кардашьян Мэрилин Монрогийн хамгийн алдартай даашинзыг өмссөн явдал байв. Энэ нь 1962 онд АНУ-ын ерөнхийлөгч асан John F. Kennedy-гийн 45 насны төрсөн өдөрт зориулж дуулахдаа Мэрилин Монрогийн өмссөн даашинз юм. Ripley’s Believe It Or Not музейд хадгалагдаж байсан уг даашинз нь өдгөө 10 сая доллароос ч илүү үнэд хүрнэ. Ким Кардашьян уг даашинзыг өмсөхийн тулд 7 кг хассан тухайгаа дурдаж байсан. Харин арга хэмжээний дараа даашинзны гэмтсэн зургууд ил болж олон хүн Кимийг загварын түүхийн нэг хэсэг болсон чухал даашинзыг гэмтээсэн хэмээн буруутгасан юм.
Барби 2022
Барби ягаан өнгө 2022 оны загварын ертөнцийг эзэгнэсэн гэж хэлж болно. Тун удахгүй нээлтээ хийх гэж буй Margot Robbie, Ryan Gosling нарын гол дүрд нь тоглосон “Барби” киноны зургуудаас эхлээд Valentino брэндийн бүтэн коллекци тэр чигтээ ягаан өнгөөр амьсгалсан шүү дээ.
3 тэрбум доллар баяртай!
Patagonia брэндийн үүсгэн байгуулагч Yvon Chouinard нь 3 тэрбумын үнэ цэнэ бүхий компаниа өнгөрсөн 9 сард ашгийн бус байгууллагат хандивласан. Үүнээс хойш компанийн бүх ашиг дэлхийн дулаарлыг зогсоох, байгаль орчныг хамгаалахад зориулагдах юм.
“Vogue-ийн ертөнц” шоу
2022 оны 9 сард Vogue сэтгүүлийн 130 жилийн ойд зориулсан гайхалтай загварын шоу Нью-Йорк хотод болж өнгөрсөн. Lil Nas X, Serena Williams зэрэг дэлхийн алдартай одууд үе үеийн шилдэг загвар өмсөгчид болох Karlie Kloss, Precious Lee , Amber Valletta , Shalom Harlow нарын хамт тайзан дээр алхсан. Харин зочдын суудал алдартай загвар зохион бүтээгчид, дуучид, жүжигчид, загварын редакторуудаар дүүрсэн байв. Ирсэн зочид Fendi талх, Gucci жигнэмэг, Michael Kors хачиртай талх, Burberry цай, Ralph Lauren-ы кофегоор дайлуулсан шүү.
Tom Ford брэндээ Estée Lauder-т худалджээ
Алдарт загвар зохион бүтээгч Том Форд өөрийн нэрийн Tom Ford брэндээ $2.8 тэрбумаар Estée Lauder компанид худалджээ. Өмнө нь Gucci брэндийн бүтээлч захирлаар 10 гаруй жил ажилласан түүнийг Gucci-д эргэн ирж магадгүй хэмээн таамаг дэвшүүлж байгаа ч 2023 оны турш Tom Ford брэнддээ үлдэн ажиллахаа мэдэгджээ.
Gen Z үеийн супермодель Белла Хадид
Gen Z үеийн хамгийн шилдэг загвар өмсөгчдийн нэгт Белла Хадид зүй ёсоор орно. Тэрээр 2022 оны бараг л бүх загварын шоунд алхсан бөгөөд тэр дундаас Coperni-гийн тайзан дээр түүнд зориулан цацагч бодисоор даашинз урласан нь загварын нэгэн онцгой мөч болж үлдсэн. Белла Хадидын өмссөн хувцас болгон тренд болж, сошиал ертөнцийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болоод байгаа билээ. Түүнчлэн саяхан Лондонд болж өнгөрсөн “Fashion Awards” арга хэмжээнд энэ жилийн шилдэг моделиор шалгарсан.
Arrivederci Gucci! Алессандро Микеле Gucci-г орхилоо
Итали гаралтай загвар зохион бүтээгч Алессандро Микеле нь өвөрмөц харах өнцөг, максималист стилиэрээ сүүлийн 7 жил Gucci брэндийг эрс өөрчилж, загварынхны анхаарлын төвд оруулж чадсан билээ. Billie Eilish, Jared Leto, Beyoncé, Harry Styles зэрэг дэлхийн одуудтай хамтарч, загвар стилийг нь тодорхойлж байсан тэрээр Gucci брэндийн орхиж байгаагаа саяхан зарласан. Дараагийн бүтээлч захирлыг зарлах хүртэл Gucci брэндийн загвар зохион бүтээгчдийн баг шинэ коллекциудаа хариуцан гаргах юм.