Зарим телевизийн шоунууд загвартай салшгүй холбогддог. Түүхэн цаг үе, тухайн үеийн хүмүүсийн аж амьдрал, дүрүүдийн ажил мэргэжил, статус, зан чанар, онцлог зэргийг харуулахад хувцас загвар маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Тэгвэл Boohoo брэндээс явуулсан судалгаагаар шалгарсан 2022 онд гарсан хамгийн загварлаг цувралуудыг танилцуулъя.
Euphoria
Судалгаагаар 2022 онд гарсан хамгийн загварлаг цувралаар дэлхий даяар хамгийн олон буюу сард 132,900 удаа загвартай холбоотой хайгдсан “Euphoria” цуврал сонгогджээ. Уг цувралын стилистээр Heidi Bivens ажилладаг ба энэ удаад бүх зүйлийг маш үзэсгэлэнтэй харагдуулахад анхаарсан гэнэ. Мөн цувралын 2 дахь улиралд доор суудалтай өмд, богино топ, эрвээхэйтэй аксессуар, чокер, үргэлж хослол гэх мэт тэр чигтээ 2000-аад оны загвар стилийг онцолсон байна.
Emily in Paris
Цар тахлын үеэс эхлэн бидний дуртай цувралуудын нэг болсон “Emily in Paris” жагсаалтын 2-т оржээ. Өнгөлөг загварлаг хувцаслалт, үзэсгэлэнт Парис хот, маркетингийн мэргэжилтэн бүсгүйн карьер, амьдрал, хайр дурлал гээд л уг цувралд дурлахгүй байхын аргагүй. Цувралын хувцас дизайнераар Marilyn Fitoussi ажилладаг. Тэр Франц стилийг илүү тод өнгөлөг Америк маягт оруулж өөрчилсөн. Тэрээр хэлэхдээ “Эмилигийн хувцаслалт хүмүүст нэг бол таалагдана эсвэл үзэн ядагдана. Гэхдээ ядаж л хэзээ ч уйтгартай санагдахгүй” гэжээ.
Stranger things
1980-аад оны ретро стилийг хүмүүс санасан бололтой. Хамгийн загварлаг цувралын 3-т сардаа 28,800 хайлт хийгдсэн Stranger Things орсон байна. Хуучны ретро загварууд, цэцгэн принт, мөрөвчтэй өмд, неон өнгө, жийнсний хослол, хурц шийдэлтэй үсний засалт гээд л олон сонирхолтой хувцаслалт, дүр төрхүүдийг эндээс харж болно.
Peaky blinders
2022 оны загварлаг цувралын 4-т Peaky Blinders оржээ. 1920-оод оны Английн гангстеруудын амьдралаас сэдэвлэсэн уг цувралд хувцаслалт маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Хувцас дизайнераар нь Alison McCosh ажилладаг ба ноос, ноолуур, торгон материалтай, твийд хослолууд, гадуур хүрэм, малгай, гутал, шил гээд л загварын түүхийн сонирхолтой цаг үеийг харуулдаг. Уг цувралын хувцаслалтыг сардаа 18,200 хүн хайн үзжээ.
Bridgerton
Гарсан даруйдаа шуугиан тарьж амжсан Netflix-ийн Bridgerton цувралын шинэхэн ангиуд 2022 онд гарсан. 1800-аад оны Реженси үеийн хувцаслалтаас сэдэвлэсэн уг цувралд ягаан, шар, цэнхэр гэх мэт пастель өнгийн “Empire line” даашинз, гоёлын бээлий, жижиг гар цүнх зонхилдог. Уг цувралын хувцас загварыг дэлхий даяараа сард 14,400 удаа хайн үзсэн байна.
Харин дараагаар нь 2022 онд гарсан хамгийн загварлаг цувралуудын жагсаалтад Killing Eve, Heartstopper, The Crown, White Lotus, Wednesday зэрэг цувралууд оржээ.
Бүх цаг үеийн хамгийн загварлаг телевизийн шоунуудын эхний байруудад мөн л Euphoria, Emily in Paris, Stranger things, Peaky Blinders орсон бол дараагийн байруудад Friends, That 70s Show, Gossip Girl, Sex and the City, Gilmore Girls цувралууд орсон байна.