Загварын 7 хоногоор брэндүүдийн шинэ коллекциудаас гадна олны анхаарлыг татдаг нэгэн зүйл бол шоунд хүрэлцэн ирж буй зочдын хувцаслалт байдаг. Эндээс л жинхэнэ халуухан трендүүд болон хүмүүсийн өөрсдийн гэсэн хэв маяг, ахин давтагдашгүй хувцаслалтыг харж болно. Ингээд өнгөрсөн сард Флоренцэд болсон 2023 оны Пити Уомо, мөн Парисын эрэгтэй загварын 7 хоногийн шилдэг гудамжны загваруудаас танилцуулъя.
Зузаан малгай
Загварын шоунд хүрэлцэн ирсэн залуусын ижилссэн нэгэн тренд нь зузаан малгай байв. Тэд өнгө өнгийн үслэг малгай, шигтгээтэй балаклавагаас эхлээд төрөл бүрийн өвөрмөц загвартай малгайгаар гоёсон байлаа.
Сарториал хэв маяг
Хослолын эрин үе эргэн ирлээ. Сүүлийн жилүүдэд чөлөөт стиль, гудамжны загварууд хүчтэй орж ирж хослолыг хүртэл кеттэй өмсөх болсон. Харин энэ жилийн загварын шоун дээр залуус дэгжин хослолыг тансаг хүрэм болон ботинктой хослуулан жинхэнэ сарториал хэв маягаар хувцасласан байв.
1 сард шорттой явах уу?
Зарим нэг хэсэг нь үслэг малгай өмсөж дулаахан хувцаслахаар шийдсэн бол нөгөө хэсэг нь өвлийн ид хүйтэн 1 сард шорт өмсөхийг илүүд үзжээ. Загварлаг харагдаж байвал бусад нь хамаагүй л гэнэ шүү.
Үслэг эдлэл
Үслэг эдлэл нь зөвхөн эмэгтэйчүүдэд зориулагдсан гэж үү? Үгүй шүү. Энэ жилийн загварын шоунд ирсэн эрчүүдийн дунд хамгийн түгээмэл ажиглагдсан тренд бол хиймэл үстэй дэгжин загварууд байлаа.
Цайвар өнгөөр дагнах
Минимал загварт дуртай юу? Тийм бол энэ жил цагаан, шаргал, бэйж өнгөөр дагнаж хувцаслах нь халуухан тренд болж байгааг сануулъя.
Юбкатай эрчүүд
2023 оны хавар зуны эрэгтэй загварын шоун дээр зонхилж байсан нэгэн загвар бол эрчүүдийн юбка билээ. Тэгвэл энэ өвөл уг тренд нь загварын тайзнаас жинхэнэ амьдралд буужээ.
Зургийн канвас
Хэрэв та өнгөлөг хувцаслах дуртай бол классик хар хүрмийн оронд зурган принттэй хүрмийг сонгоорой. Парисын загварын 7 хоногт ирсэн олон залуус уран зургийн канвас шиг өнгөлөг хүрмээр гоёжээ.