Загвар зохион бүтээгч Дэниел Ли нь Burberry-гийн анхны дебют шоугаа амжилттай хийлээ. Тэрээр өмнө нь Céline болон Bottega Venetta брэндүүдэд ажиллаж байсан бөгөөд 2018-2021 оны хооронд Bottega-гийн бүтээлч захирал байхдаа маш олон шинэчлэлтүүдийг хийж орчин цагийн хамгийн хүсэмжит брэнд болгож чадсан билээ. 2022 онд Burberry брэндийн бүтээлч захирлаар томилогдсоноор 2023 оны Намар-Өвлийн анхны шоугаа ийнхүү Лондонд толилууллаа.
Шоуны өмнөхөн тэрээр Burberry брэндийн алдартай хуучны логог сэргээж сонирхолтой компанит ажлыг хийсэн. Зураг авалтдаа Английн алдартай загвар өмсөгч Либерти Росс, хөл бөмбөгчин Рахим Стерлинг болон жүжигчин, активист Ванесса Редгрейв нарыг онцолж маш орчин үеийн, чөлөөт хэв маягтай, бүтээлч зураг авалтыг хийсэн байв.
Коллекцио илүү өнгөлөг, өөдрөг байлгах үүднээс нугасан принт, инээдтэй малгай, хөнжил шиг хүрмийг оруулж өгчээ. Тэрээр хэлэхдээ “Энэ коллекциороо би Англи улсын сайн сайхан талыг харуулахыг зорьсон. Энд сайн сургуулиуд, гайхалтай театр, хөгжим, урлаг байгаа. Тэр бүхэн дээр гэрэл тусгаж тодруулахыг хүссэн. Лондонгоос маш их бүтээлч байдал урган гардаг. Жишээ нь Вивиен Вествудыг хар л даа. Мөн би зүгээр л гудамжаар алхаж байхдаа янз бүрийн амьдралтай маш олон хүмүүсийг хамтдаа оршин тогтнож, амьдарч байгааг хардаг. Сүүлийн жилүүдэд энэ мэдрэмжээр би их дутаж явжээ” гэв.