Италийн алдарт Moschino брэндийн бүтээлч захирлаар сүүлийн 10 жил ажилласан загвар зохион бүтээгч Жереми Скотт нь саяхан брэндээ орхиж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Тэрээр өнгөрсөн 10 жилд “kitsch” хэв маягийг хүмүүст таниулж маш сонирхолтой, сенсац дагуулсан олон загварын шоунуудыг хийсэн билээ.
Америк гаралтай загвар зохион бүтээгч маань тод хурц өнгө, принтүүдээр тоглож загвартаа шингээх дуртай ба Барби, Спонж Боб, Микки Маус гэх мэт “Поп-соёл”-оос санаа авсан бүтээлч загваруудыг урлаж байсан. Цар тахлын үеэр хүртэл утсан хүүхэлдэйгээр виртуал загварын шоу хийж “Moschino”-гийн төсөөллийн ертөнцийг бүтээж байлаа. Ингээд түүний хамгийн сэтгэлд хоногшсон, гайхалтай загварын шоунуудаас эргэн дурсъя.
Moschino SS21
Цар тахлын үеэр загварын шоу хийх битгий хэл гэрээсээ ч гарч болохгүй, хэцүүхэн цаг хугацааг бид өнгөрүүлсэн. Энэ үеэр загварынхан виртуал шоу хийж шинэ коллекциудаа танилцуулсан ба Moschino ч мөн 2021 оны Хавар-Зуны шоугаа виртуал маягаар толилуулсан. Шоуны гол онцлог нь утсан хүүхэлдэйгээр загвар өмсөгчид болон үзэгчдийг дүрсэлсэн ба урд эгнээнд Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтурыг сууж буйгаар дүрсэлсэн нь бодит мэт харагдана.