Өнгөлөг цүнх
Тансаг зэрэглэлийн Bottega Veneta, Khaite, Jacquemus, Loewe брэндүүдийн тод улаан, үзмэн ягаан, шар өнгөтэй жижиг мөрний цүнхнүүд энэ зуны чиг хандлагыг тодорхойлоод байна. Цаг агаар дулаарч байгаа энэ үед өнгөлөг цүнхээ хар минимал даашинзтай хослуулж орчин үеийн шик дүр төрхийг бүрдүүлээрэй.
“Bucket” цүнх
Сүүлийн жилүүдэд хувин шиг өвөрмөц хэлбэртэй бакет цүнхнүүд хаа сайгүй тренд болсоор байгаа. Бакет цүнхийг сонгохдоо завсрын, байгалийн өнгөтэйг нь сонговол хувцаснуудтайгаа зохицуулахад илүү амар байх болно. Тухайлбал, Valentino-гийн сүүлд гаргасан бор арьсан цүнх, Chloé-гийн классик шаргал өнгөтэй бакет цүнхнүүд бол хэзээ ч моданаас гарахгүй жинхэнэ классик загварууд юм.
Багтаамжтай цүнх
Цүнхэндээ амьдралаа багтааж авч явах дуртай хүмүүст зориулсан “slouchy tote” цүнхнүүд энэ зуны бас нэгэн тренд болж байна. Иймэрхүү загварын цүнхийг сонгохдоо чанартай, тансаг материалтайг нь сонгох хэрэгтэй. Цүнхний зах зээлийг байлдан дагуулаад буй The Row, Loewe, Toteme, Khaite брэндүүдийн цайвар өнгийн загварлаг арьсан цүнхнүүдээс сонирхоод үзээрэй.
90-ээд оны мөрний цүнх
90-ээд онд моданд орж байсан жижиг хэмжээтэй мөрний цүнхнүүд сүүлийн үед охид бүсгүйчүүдийн дуртай загвар болоод байгаа билээ. Gucci, Valentino, Saint Laurent брэндүүд завсрын өнгө давамгайлсан сонгодог загваруудыг гаргасан бол Jacquemus брэнд илүү шинэлэг, орчин үеийн принттэй загваруудыг урлажээ.
Сүрлэн цүнх
Амралт зугаалга, далайн эргийг санагдуулдаг сүрлэн цүнхнүүд энэ зуны хамгийн хүсэмжит аксессуаруудын нэг болж байна. Энэ жилийн хувьд сүрлэн цүнх нь илүү ажил хэрэгч, орчин үеийн загвартай болж өөрчлөгджээ. Bottega Veneta, Loewe брэндүүдийн савхин бариултай, гоёмсог хэлбэртэй загваруудаас сонгоорой.