Гал улаан өнгө
2023 оныг тодорхойлох өнгө бол гал улаан өнгө юм. Ferragamo, Bottega Veneta, Chloé, Acne Studios зэрэг дэлхийн алдартай брэндүүд шинэ коллекцидоо толгойноосоо хөл хүртэл гал улаан өнгөөр хослуулсан загваруудыг онцолсон байв.
80-аад оны хүчирхэг хослолууд
Өнгөрсөн жилүүдэд ажил хэрэгч хослолыг футболк кеттэй хослуулж илүү чөлөөт маягаар өмсөж байсан бол одоо 1980-аад оны өргөн мөртэй загварууд эргэн ирж ажил хэрэгч, хүчирхэг эмэгтэйн дүр төрх загварын чиг хандлагыг тодорхойлоод байна. Домогт YSL болон Stella McCartney, Gucci , Alexander McQueen зэрэг томоохон брэндүүд өргөн мөртэй, дэгжин хослолуудыг 2023 оны намар-өвлийн шинэ коллекцидоо онцолжээ.
90-ээд оны минимализм
Янз бүрийн гоёл чимэглэл гэхээс илүү хувцасны эсгүүр, материал, чанарт анхаарлаа хандуулсан минималист загварууд энэ жилийн тренд болоод байна. Тухайлбал Chloé брэндийн хар урт савхи, сул загвартай цагаан өмд, зузаан ултай гутлын хослол нь хэт хичээгээгүй хэр нь загварлаг харагдах 90-ээд оны минимал стилийн төгс жишээ юм.
Савхиар дагная
Энэ жилийг тодорхойлох гол өнгө нь улаан бол материал нь савхи байлаа. Loewe, Givenchy, Alexander McQueen зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүдийн загварын тайзыг савхин загварууд эзэгнэж байв. Хэрвээ та амьтанд хайртай, жинхэнэ арьсыг таашаадаггүй нэгэн бол Nanushka, Stella McCaurtney зэрэг веган брэндийн хиймэл арьсан загваруудаас сонгож болох юм.
Нео-Панк стиль
1970-аад оны Панк стиль 2023 онд шинэчлэгдэн эргэн ирлээ. Burberry, Valentino, Simone Rocha зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүдээс орчин үеийн, илүү өнгөлөг, эмэгтэйлэг дүр төрхтэй хоршуулсан Нео-Панк стилийг харж болно.
XXL хэмжээтэй цүнх
Том тусмаа илүү загварлаг цүнхнүүд тренд болсоор л. Loewe брэндийн сүрлэн болон арьсан том цүнхнүүд, Bottega Veneta-гийн өнгөлөг нэхээстэй загварууд болон Khaite, Chloé брэндүүдийн XXL хэмжээтэй цүнхнүүд энэ оны хамгийн хүсэмжит загварууд болоод байгаа.
Урт түрийтэй гутал
Хэдэн жилийн өмнө хүн бүрийн дурлаж байсан өвдөг давсан урт түрийтэй гутал Khaite болон Bottega Veneta брэндийн 2023 оны Намар-Өвлийн загварын тайзыг чимж байлаа. Хүйтэн өдрүүдэд уг дэгжин загварыг бариу өмд, нэхмэл цамцтай хослуулж, харин дулаахан цаг агаартай өдөр богино даашинз эсвэл дэрвэгэр юбкатай хослуулан өмсөөрэй.