Италийн алдарт тансаг зэрэглэлийн Gucci брэнд нь 2024 cruise коллекцио анх удаа Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод танилцуулж, загварын шоугаа амжилттай хийлээ.
Gucci брэнд нь 25 жилийн өмнө Сөүлд анхны дэлгүүрээ нээж байсан бол ийнхүү Солонгос дахь анхны загварын шоугаа түүхийн дурсгалт газар болох “Кёнбоккун” хааны ордонд хийжээ.
Кёнбоккун хааны ордон нь 1395 онд Чосон гүрний үед баригдсан ба Солонгосын хамгийн том, үзэсгэлэнтэй орднуудын нэг юм. “Кёнбоккун ордон бол Солонгосын түүх соёл, үүнийг бүтээлцсэн хүмүүстэй өнөө үед биднийг шууд холбож өгч байгаа гайхалтай газар юм” хэмээн Gucci брэндийн захирал Marco Bizzarri хэлсэн байна.
Загварын шоундаа нийт 600 орчим хүндтэй зочдыг урьсан ба үүнд дэлхийн алдартай одууд болох жүжигчин Dakota Johnson, Elizabeth Olsen, Saoirse Ronan, Jodie Turner-Smith, загвар өмсөгч Liu Wen, болон дуучин Bibi, уран гулгагч Cha Jun-Hwan, кино найруулагч Park Chan-Wook, жүжигчин Jung Kyung-Ho, Lim Ji-Yeon, Kim Hye-Soo зэрэг Солонгосын томоохон алдартнууд орсон байна.
Түүнчлэн шоунд Gucci брэндийн амбассадор буюу нүүр царайгаар сонгогдсон Newjeans охидын хамтлагийн гишүүн Hanni, дуучин IU, жүжигчин Shin Min-a, Exo хамтлагийн Kai нар болон Азийн алдартай загварын инфлюенсерүүд хүрэлцэн иржээ.
Сүүлийн жилүүдэд Өмнөд Солонгос улс нь К-поп дуу хөгжим, кино урлагаараа дэлхий дахины анхаарлыг татаад байгаа билээ. Үүнээс гадна эдийн засгаараа хүчирхэгжиж, худалдан авах чадвар нь маш хурдтайгаар өсөж байгаа. Солонгос улс нь тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний зах зээлийн 10% эзэлж, Азидаа хамгийн чухал улсуудын нэг болоод байгаа юм.
Gucci-гийн энэ удаагийн коллекцийн гол зорилго нь брэндийн өв уламжлалыг Өмнөд Солонгосын зах зээлтэй холбох байв. Тийм ч учраас Солонгос артистуудтай хамтран ажиллажээ. Артист Ram Han-ы урласан хээ нь коллекцийн загварууд болон шоуны урилга дээр хэвлэгдсэн бол шоуны хөгжмийг Солонгосын алдартай хөгжмийн зохиолч ‘Okja’, ‘Parasite’,’Squid Game’ цувралын хөгжмийг бичсэн Jung Jae-il зохиожээ.
Загварын хувьд Gucci брэндийн он оны коллекциудын онцлогийг шингээсэн байлаа. Тухайлбал, Gucci-гийн 1990-ээд оны хэлбэр силуэт, 2010 оны өнгөний сонголтыг Сөүлийн өдөр тутмын амьдралын хэв маягаас санаа авсан спотрлог загваруудтай хослуулжээ. Мөн Солонгосын уламжлалт өмсгөл болох “Ханбок”-ны элементийг оруулж өгсөн нь тун чамин харагдаж байлаа.