Металлик загварууд
Загвар зохион бүтээгчид сүүлийн үед гараад буй Dune, Moonfall, The Adam Project зэрэг sci-fi кинонуудаас санаа авч сансар огторгуйг санагдуулам мөнгөлөг, металлик загваруудыг онцолжээ. Англи загвар зохион бүтээгч Bianca Saunders шулуун загвартай мөнгөлөг хослолыг бүтээсэн бол Etro брэнд гялтгар, унасан материалтай цамц, Erdem гялалзсан sequin гоёлын хослолуудыг тус тус гаргажээ.
Жийнс+жийнс
Барби киноны гол дүрийн Кенийн(Ryan Gosling) хувцаслалтыг харсан л биз дээ. Яг л түүн шиг хөлөөсөө толгой хүртэл жийнсээр хосолсон загварууд энэ зуны тренд болоод байна. Y/Project өвөрмөц загвартай нөмрөгийг жийнсэн өмдтэй хослуулсан бол Casablanca, Moschino брэндүүд ковбой стилийн жийнсэн хослол гаргажээ. Харин Givenchy хэлхгэр загвартай жийнсэн хантаазыг уранхай өмдтэй хослуулсан нь тун орчин үеийн, дэгжин харагдаж байна.
Үзмэн ягаан
Бүдэг, тод, гүн, пастель, лавендер зэрэг үзмэн ягаан өнгөний төрлүүд энэ зуны эрчүүдийн өнгө төрхийг тодорхойлж байна. Saint Laurent брэнд хар хослол бүхий коллекцидоо ганцхан гүн ягаан өнгийн гоёмсог хүрмийг оруулсан бол Louis Vuitton үзмэн ягаан өнгийн лого принттэй загвар гаргажээ. Харин Georgio Armani үзмэн ягаан, цэнхэр туяатай ягаан, хөх зэргээр өнгөний тоглолт хийж торгомсог, хамба хилэн материалуудыг хооронд нь хослуулсан орчин үеийн тансаг хэв маягийг бүрдүүлсэн байна.
Мини шорт
Prada 2022 оны Хавар-Зуны коллекцидоо богино загварын шортыг онцолсноос хойш уг загвар нь эрчүүдийн зуны халуухан тренд болсоор байгаа. Ami, Bianca Saunders, Emporio Armani зэрэг брэндүүд хуучны ретро стильтэй, принттэй савхин материалтай гээд л төрөл бүрийн загвартай мини шортыг 2023 оны зуны коллекцидоо багтаажээ.
Өнгөлөг загварууд
Цар тахлаас болж гэрийн хувцас моданд орж байсан үе саяхан санагдана. Тэгвэл тэр үеийг ор тас мартсан мэт тод өнгийн галзуу загваруудыг Louis Vuitton, Versace, Dsquared2, Paul Smith зэрэг алдартай брэндүүдийн тайзнаас харж болно. Загвар зохион бүтээгчид энэ жил неон ягаан, ногоон, цэнхэр, улбар шар зэрэг хурц тод өнгөнүүдийг хооронд нь хослуулж өвөрмөц принтүүдийг бүтээжээ.