Sex and the City” цувралын салшгүй нэгэн хэсэг бол хувцас загвар билээ. Ялангуяа гол дүрийн Кэрри Брэдшоу нь загвар тэр дундаа гуталд үнэхээр хайртай нэгэн. Цувралын туршид тэрээр маш олон тансаг зэрэглэлийн брэнд хувцас, гутал, цүнхийг хэрэглэж харагддаг. Найзууд болон зарим нэг болзсон залуус нь түүнийг үнэтэй гутал, хувцсанд хэтэрхий их мөнгө үрдэг хэмээн шүүмжилж ч байсан. Тэгвэл цуврал гарснаас хойш 25 жилийн дараа загварын мэргэжилтнүүд түүнийг үрэлгэн гэхээс илүү ухаалаг хөрөнгө оруулагч хэмээн тодорхойлоод байна.
Gucci Handle Bag
The RealReal тансаг зэрэглэлийн онлайн дэлгүүрийн мэдээлснээр Gucci брэндийн “Handle Bag” загварын үнэ цэн сүүлийн жилүүдэд бага зэрэг буураад байгаа ч Кэрриг 2000-аад онд барьж байсан үеэс мэдээж үнэ нь өссөн. Ялангуяа түүний барьдаг 1970-аад оны винтеж загвар нь маш ховор учир илүү үнэ цэнтэй юм байна.
Manolo Blahnik
Кэрри Manolo Blahnik брэндийн нэлээд хэдэн загварыг цувралын үеэр өмсөж харагддаг. Тэр дундаа түүний хуримдаа өмсдөг цэнхэр өнгийн “Hangisi” өсгийтэй гутал нь одоог хүртэл бүсгүйчүүдийн хамгийн хүсэмжит загвар болсоор байгаа. 2019 онд Manolo Blahnik-ын ахин худалдах үнэ нь анхны үнээсээ 37%-аар өсжээ.
Fendi Baguette bag
Кэрригийн үүрэх дуртай цүнхнүүдийн нэг бол яах аргагүй Fendi брэндийн Baguette коллекци байсан. Уг загвар нь түүний хувцасны шүүгээний хамгийн ихээр үнэ цэн нь өссөн загвар гэж хэлж болно.
Versace Chiffon Tiered Gown
Кэрригийн Парист байхдаа өмссөн Versace брэндийн тансаг гоёлын даашинз нь $80,000-р үнэлэгдсэн бөгөөд цуврал дээрх хамгийн үнэтэй хувцас юм. Уг даашинз нь дэлхий дээр цор ганц хийгдсэн кутюр загвар учир маш үнэ цэнтэй бөгөөд саяхан гарсан “And Just Like That” шинэ цуврал дээр 2 дох удаагаа ашиглагджээ.
John Galliano Newspaper Dress
Загвар зохион бүтээгч John Galliano-гийн алдартай “Newspaper” даашинз бол телевизийн түүхэн дэх хамгийн мартагдашгүй, шинэлэг загваруудын нэг байсан. The RealReal-н мэдээлснээр John Galliano-гийн Christian Dior-т байхдаа бүтээсэн даашинзнуудын үнэ нь анх гарснаасаа хойш 2022 оны байдлаар 42%-аар өссөн ба жил ирэх тусам үнэ цэнэ нь өссөөр байгаа аж.
Carrie Necklace
“Sex And The City” цувралыг тодорхойлох гоёл чимэглэлийг нэрлээч гэвэл Кэрригийн нэр бүхий алтлаг хүзүүний зүүлтийг хэлнэ. Уг загварын үнэ цэнэ 1990-ээд оноос хойш жил бүр 10%-аар нэмэгдэж байгаа. Мэдээж орсон алтныхаа хэмжээгээр үнэ цэнэ нь үнэлэгдэх ч уг загвар нь хэзээд ашигтай хөрөнгө оруулалт байх болно.
Dior Saddle
Fendi Baguette загвараас гадна Кэрригийн барих дуртай цүнх бол Dior Saddle байсан. Уг цүнхний ахин худалдах үнэ нь 2018-2021 оны хооронд хамгийн ихээр өссөн бөгөөд анх гарсан үнээсээ нийт 88%-аар өсжээ. Одоог хүртэл үнэ цэнэ нь өссөөр байгаа бөгөөд 2020-2022 оны хооронд хамгийн өндөр үнээр зарагдаж байжээ.
Tulle Skirt
Сүүлийн танилцуулах загвар бол Кэрригийн домогт дэрвэгэр хормойтой торон юбка юм. Уг юбкаг цувралын стилист, дизайнер Патришиа Филдс хуучны винтеж хувцасны дэлгүүрээс $55-р авч байжээ. Үүгээрээ винтеж дэлгүүрээс маш гоё загваруудыг олж, ашигтай наймаа хийж болдгийг харуулсан. Мэдээж Кэрри Брэдшоу өмссөнөөр бүр ч их үнэ цэнэ нь нэмэгдсэн.