Улирлын өнгө төрх, уур амьсгалыг бүрдүүлдэг хамгийн чухал зүйл бол өнгөний палет юм. Цар тахлын хүнд үед загвар зохион бүтээгчид хүмүүст урам зориг, баяр баясал авчрахын тулд тод өнгөлөг загваруудыг түлхүү гаргаж байсан бол 2023 оны хувьд илүү энгийн, өдөр тутамд өмсөгддөг, завсрын өнгөнүүд тренд болоод байна.
Орчин үеийн улаан өнгө
Энэ оны хамгийн онцлох өнгөнүүдийн нэг бол яах аргагүй гал улаан өнгө байлаа. Улаан өнгө бол гал халуун, дүрэлзсэн, хүсэл зориг, хайр дурлал, баяр баясал, аюул, анхааруулга зэрэг олон зүйл илэрхийдэг ч загварын ертөнцөд хэдийн хар цагаан өнгө шиг сонгодгуудын нэг болсон билээ. Ferragamo, Prada, Bottega Veneta, The Row зэрэг томоохон загварын брэндүүд 2023 оны коллекцидоо улаан өнгийн савхин хослол, хэлхгэр хүрэм, нэхмэл загвар гэх мэт илүү орчин үеийн хэв маягт оруулан онцолжээ.
Бизнес саарал өнгө
Яг л Лондоны тэнгэр шиг зэвхий саарал өнгө энэ намрын тренд болж байна. Өдөр тутамд өмсөхөд тохиромжтой, ихэнх өнгөтэй зохицдог учир стайлинг хийж өмсөхөд ч амар. Loewe брэнд сул ноосон саарал кардиганыг урт юбкатай хослуулж эрхэмсэг, тансаг дүр төрхийг бүтээсэн бол Max Mara, Emilia Wickstead, Bottega Veneta брэндүүд саарал өнгийн пальтог онцолжээ. Харин Gucci брэнд хэлхгэр загвартай, ажил хэрэгч хослолуудыг гаргасан байна.
Шар өнгөний төрлүүд
2023 оны Лондоны Намар-Өвлийн загварын 7 хоногийн үеэр “Spectra Yellow” буюу тод шар өнгийн загварууд их ажиглагдсан. Ерөнхийдөө шар өнгийг бусад өнгөтэй зохицуулахад хэцүү, хурц тод өнгө учир хүмүүс тэр бүр сонгоод байдаггүй. Дэлгүүрт хамгийн сүүлд үлддэг өнгө гэсэн борлуулалтын судалгаа ч байдаг. Гэсэн хэдий ч энэ жилийн загварын тайзыг шар өнгө бүрхэж байсан гэж хэлж болно. Ferragamo, Christopher Kane брэндүүд тод шар өнгийг коллекцидоо түлхүү оруулсан бол Molly Goddard, Tove, Givenchy бүдэгхэн, пастель шар өнгийг онцолжээ.
Сонгодог хар өнгө
Мэдээж хүйтний улиралд хамгийн их өмсөгддөг өнгө бол сонгодог хар өнгө билээ. 2023 оны Намар-Өвлийн загварын тайзан дээр ч хар өнгийн загварууд бишгүй их харагдсан. The Row, Versace, Givenchy зэрэг томоохон загварын брэндүүд хар өнгөөр эмэгтэйлэг, тансаг, элегант, ажил хэрэгч зэрэг төрөл бүрийн дүр төрхийг бүрдүүлсэн байв.
Ягаан өнгө
Барби ягаан өнгө энэ жилийг бүхэлд нь тодорхойлсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Загварын тайзнаас эхлээд кино ертөнц, өдөр тутмыг хувцаслалт ч ягаан өнгөөр амьсгалж байлаа. Versace брэнд тод ягаан өнгийг хар өнгөтэй хослуулан коллекцидоо багтаасан бол Roksanda, Standing Ground брэндүүд ягаан өнгийн гоёмсог даашинзнуудыг коллекцидоо оруулсан байна. Харин Giorgio Armani, Rick Owens брэндүүд 90-ээд оныг санагдуулам металл өнгөтэй хоршуулсан байв.
Цагаан цайвар өнгөнүүд
Цагаан цайвар өнгөнүүд мөн 2023 оны Намар-Өвлийн загварын тайзыг ноёрхож байсан. Ferragamo, Richard Quinn, Victoria Beckham брэндүүд орчин үеийн хэв маягийг шингээсэн хуримын даашинзнууд гаргасан бол Prada хуримын даашинзны деталиас санаа авсан юбка, цамц зэрэг өдөр тутмын дэгжин загваруудыг гаргажээ. Түүнчлэн Jacquemus өөрийн онцлогийг шингээсэн цагаан өнгийн өвөрмөц загвар бүхий даашинзнууд гаргасан байна.