The Casual Lace Ups
Таны бүх асуудлыг нэгэн зэрэгт шийдэж чадах гутал бол яах аргагүй The Casual lace up загвар юм. Гутлын шүүгээндээ ганцхан гуталтай байх нь өрөөсгөл ойлголт хэдий ч энэ загварын гутлууд дийлэнх нөхцөлд таны хувцаслалттай зохицон яаралтай үеүдэд таны асуудлыг хөнгөхөн шийдвэрлэнэ. Энэ загварын гутлыг сул болон бариу жийнс, хослол, ажил хэрэгч өмд, богино шорт гээд бүх л төрлийн хувцаслалттай хослуулж болно.
The Classic Sneakers
Сонгодог загварын пүүз, кетүүд. Эдгээр загваруудыг бид бүхий л газруудад болон бүх төрлийн хувслалттай хослуулан өмссөн байгааг хардаг болов ч хэзээ ч нэгэн хэвийн мэдрэмжийг төрүүлдэггүй. Ихэнх пүүз, кетүүд спортын талбайд зориулж бүтээгдсэн байдаг боловч одоо цагт бидний загварын илэрхийлэмжид томоохон үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү классик загварын кетүүд нь хар болон цагаан, саарал гэх өнгөнүүд түлхүү байр эзэлнэ. Ийм загварууд дээр өөрийгөө илэрхийлсэн зураг үгс зэргийг зурж өмсөх нь ч элбэг. Бидний мэдэх олон алдартнууд эдгээр загваруудыг өдөр тутамдаа өмсөхөөс гадна улаан хивсэн дээгүүр ч тэдэнтэй алхсан байдаг.
The Boots
Бид бүгд л чанартай бүх нөхцөлд өмсөж болох бат бөх гуталд дуртай. Ийм төрлийн гутлын хувьд ямар ч шуурга, бороо, цас, шавар шалбаагт өмсөөд явах боломжтойгоос гадна тэдний том баки загвар нь өргөн, бариу гээд ямар ч өмд шорт дээр зохицож хүчирхэг дүр төрхийг бүрдүүлдэг. Мөн тэд хуучрах тусам илүү эзнийхээ зан чанарыг харуулдаг гээд хэлчихэд ч буруудахгүй. Бидэнд ихэвчлэн хоёр төрлийн BOOT загварын гутлын хэрэг гарна. Эхнийх нь мэдээж таныг хаана ч аваад явчих дөрвөн улирлын мангасууд, харин бусад үед уулзалт, үдэшлэг, ажил гээд илүү албаны хувцаслалт сонгох үедээ CHELSEA BOOT загварын гутлыг сонгохыг зөвлөж байна. Энэ нь таныг чөлөөтэй эрч хүчтэй гэж харагдуулахаас гадна хэт хөнгөн нэгэн биш гэдгийг илтгэнэ. Цөөн үгээр бол ROCK STAR л гэсэн үг.
The Loafers
Энэхүү загвар бол хамгийн сонгодог, хэзээ ч бидний хэрэглээнээс гарахгүй, тансаг болон өдөр тутмын байдлыг хослуулж чадсан загварын ертөнцийн гайхалтай бүтээл юм. Америкийг үүсгэсэн алдартнууд, үе үеийн ерөнхийлөгчид, жазз одууд энэ загварыг өмссөн зургуудаас бид үүний баялаг түүхийг харж болно. Энэ загварын гутлын хөгжилтэй тал нь маш зузаан цагаан оймстой өмсөж болно эсвэл нимгэн гоёлын оймтой гээд бүүр оймсгүй ч өмсөж болно. Ер нь тэр үеийн таны мэдрэмж ямар байгаагаас л хамаарах юм. Мэдээж өргөн нарийн жийнс, ажил хэрэгч өмд, хослол гээд юун дээр ч өмсөх боломжтой. LOAFER загварын гутал нь эзнээ маш торгон мэдрэмжтэй, ухаалаг соёлтой нэгэн гэх сэдлийг төрүүлдэг (харин тэр мэдрэмжийг цааш яаж үргэлжлүүлэн авч явах нь таны мэдэлд)
The Dress shoes
Олон төрөл байгаа ч хамгийн нийтлэг онцлог загварын талаар ярилцацгаая. Энэ загварын гутлыг хөрөнгө оруулалт гэж харахад буруудах зүйлгүй. харьцангуй үнэтэй хэдий ч маш удаан тантай хамт байна. Мэдээж бид зөв арчилж байгаа үед шүү дээ. Хэрэв та анхныхаа гоёлын гутлыг авах гэж байгаа бол хар гэхээс илүү хүрэн бор, бор өнгийг сонгохыг зөвлөе. энэ өнгийг олон төрлийн хувцаслалттай хослуулах боломжтой. Мөн энэ загварын гутлыг сонгоход гутлан дээрх оёдол хээ чимэглэл бага байх тусам илүү тансаг мэдрэмжийг төрүүлдэг ийм гутлыг хар таксидо хослол, зангиа, цагаан сорочкан цамц гээд бүрэн цогц бүрдлийг үүсгэсэн үед өмсөх нь тохиромжтой. Мэдээж бид өдөр тутмын хувцаслалтдаа өмсөж болох хэдий ч заавал брюкен өмд эсвэл пиджактай хослуулан өмсөөрэй.