Цагаан алт, мөнгөн эдлэл
Сүүлийн жилүүдэд алтлаг аксессуар загварын чиг хандлагыг тодорхойлж байсан бол энэ жилээс мөнгөлөг болон цагаан алтан гоёлууд түрж орж ирсэн. Цагаан алт болон мөнгөлөг гоёл чимэглэл нь алтыг бодвол илүү даруу, энгийн харагдах ч цаанаа л тансаг, эрхэмсэг дүр төрхийг бий болгодог. Үүнээс гадна алтлаг, мөнгөлөг өнгийн аксессуаруудаа хольж зүүж илүү сонирхолтой байдлаар стайлинг хийж болно.
XXL гинж
Загварынхан энэ намар XXL хэмжээтэй том, өргөн загвартай гинжээр гоёж байна. Яг одоо тренд болж буй алтлаг, мөнгөлөг, эсвэл алт мөнгө холилдсон чокер загварын гинжийг Lauren Rubinski, Maor, Chanel зэрэг брэндүүдээс сонгон авч болно. Мөн алмаазан шигтгээтэй, чамин загварын Messika брэндийн гинж нь ямар ч хувцаслалтыг илүү дэгжин, үнэ цэнтэй, тансаг харагдуулах болно.
1980-аад оны аварга ээмэг
Энэ онд том аксессуарууд тренд болж байгаагийн бас нэгэн жишээ бол 1980-аад оноос эргэн ирсэн том хэмжээтэй ээмэгнүүд юм. Saint Laurent, Bottega Veneta, Khaite зэрэг нөлөө бүхий брэндүүдийн загварын шоун дээр аварга том хэмжээтэй ээмэг түгээмэл ажиглагдсан. Хэрвээ та хувцсан дээрээ ямар аксессуар зүүхээ мэдэхгүй бол том ээмэг л сонгочих. Дүр төрхийг тань хормын дотор л өөрчлөх болно шүү.
Зүрхэн хэлбэртэй аксессуар
Celine, Saint Laurent, Versace зэрэг загварын томоохон брэндүүдийн шинэ коллекциос уг трендийг ажиглаж болно. Зүрхэн хэлбэртэй зүүлт, ээмэг, бөгж, бугуйвч зэрэг нь зөвхөн загварын тайз ч гэлтгүй кино ертөнцөд ч ажиглагдах болсон. Тухайлбал, энэ зуныг байлдан дагуулсан “Барби” кинон дээрх Марго Роббигийн зүүсэн Missoma брэндийн зүрхэн кулонтой зүүлт нь энэ зуны хамгийн хүсэмжит “It” зүүлт болоод байгаа.
“Сuff” бугуйвч
Жил бүрийн намар эргэн ирдэг тренд бол гладиаторуудынх шиг өргөн, металл бугуйвч юм. Кафф загварын уг бугуйвчийг ханцуйгүй хувцаснаас гадна ноосон цамц, пиджак, хүрэм гээд л хүссэн хувцастайгаа зохицуулан өмсөх боломжтой. Rainbow K, Buccellati, Carolina Bucci зэрэг гоёл чимэглэлийн брэндүүдийн алмаазан шигтгээтэй, 18 каратын алтан бугуйвч нь хэзээ ч трендээс гарахгүй сонгодог загварууд юм.