2023 оны Намар-Өвлийн чиг хандлагыг тодорхойлоод байгаа өнгө бол ГАЛ УЛААН өнгө билээ. Гал цогтой, хүчирхэг, өөртөө итгэлтэй байдлыг илтгэх уг гайхалтай өнгө нь Fendi-с эхлээд Valentino, Gucci зэрэг нөлөө бүхий томоохон брэндүүдийн загварын тайзыг эзэлж байна.
Харин улаан өнгийг өдөр тутамдаа хэрхэн бусад өнгөтэй хослуулж, ямар байдлаар өмсөхөө мэдэхгүй байгаа бол анхаарлаа нааш нь хандуулаарай.
1. Толгойноос хөл хүртэл улаан
Хэрвээ та хурц тод өнгийн хувцаслалтаас цааргалдаггүй, өнгөлөг хувцаслах дуртай нэгэн бол энэ намар толгойноосоо хөл хүртэл улаан өнгөөр дагнаж хувцаслаж болох юм. Тухайлбал, улаан өнгийн сул ноосон цамцыг урт дэрвэгэр юбкатай хослуулж дэгжин преппи стилийг бүрдүүлж болно. Харин хар болон завсрын зөөлөн өнгөтэй аксессуар сонгосноор хувцаслалт нь илүү баланстай харагдана.
2. Хартай хослуулах нь
Хар улаан бол хоорондоо гайхалтай зохицдог өнгөнүүд юм. Тухайлбал, Victoria Beckham-ийн сонгодог, элегант загвартай цамцыг Saint Laurent-ын хар савхин юбкатай хослуулж ажил хэрэгч, дэгжин дүр төрхийг бүтээж болно. Үүн дээрээ XXL хэмжээтэй том цүнх болон алтлаг аксессуар зүүж загварлаг орчин үеийн лүүкийг бүрдүүлээрэй.
3. Бяцхан улаан даашинз
LBD буюу бяцхан хар даашинзыг март. Энэ бол бяцхан улаан даашинзны эрин үе. Хэрвээ ямар нэгэн арга хэмжээ, үдэшлэгт явах гэж байгаа бол эргэлзэлгүйгээр мини улаан даашинз өмсөхийг зөвлөж байна. Үүнийгээ хар урт түрийтэй гутал болон мөнгөлөг аксессуартай хослуулж дур булаам, орчин үеийн дүр төрхийг бүрдүүлээрэй.
4. Өнгөний мөргөлдөөн
Хэрвээ өдөр тутамдаа улаан өнгөөр дагнаж хувцаслах нь хэтэрхий хурц санагдвал гүн улаан хүрэн өнгө нэмж илүү тансаг дүр төрхийг бүрдүүлж болох юм. Цаанаа л нэг баялаг, тансаг харагдах улаан хүрэн өнгийн хүрмийг улаан өнгийн хослолтой өмсөж энэ намрын төгс зохицлыг бүтээгээрэй.
5. Улаан аксессуар
Нэгэн хэвийн хар бараан өнгийн гутал, цүнх барихаас уйдаж байвал улаан өнгийн гутал, цүнх, аксессуарыг сонгоорой гэж зөвлөе. Энгийн жийснээс эхлээд үдшийн даашинз гэх мэт ямар ч хувцаслалтыг илүү сонирхолтой, хараа булаам болгож харагдуулах нь улаан өнгийн увдис юм шүү.